13 настай охидыг хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

13 настай охидыг хүчирхийлжээ

Сүүлийн үед  ганган машин хөлөглөсөн  25-30 насны эрэгтэйчүүд бага насны охидыг хууран мэхэлж машиндаа суулган, хүчирхийлэх хэрэг хэд хэд гарлаа. Тухайлбал өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдөр  Төв аймгийн нутаг дэвсгэрт 13 настай Ц, Э нарыг хууран мэхэлж машиндаа суулгаад  хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-аас ажлын хэсэг шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн этгээдийг баривчилжээ. Охидыг хүчирхийлсэн этгээд нь СХД-ийн 26 дугаар хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 настай  Т гэгч  юм байна.

Бага насны охидыг хүчирхийлсэн хэрэг гараад удаагүй байхад буюу энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатарт мөн ийм төрлийн хэрэг гарсан байна. Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хөдөө аж ахуйн буудлын ойролцоо явж байсан 13 настай  охин Н-ийг хууран мэхэлж машиндаа суулган, Бага тэнгэрийн аманд аваачин хүчирхийлжээ. Хэргийг Улаанбаатар хотын харьяат 25 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоож баривчилсан  байна. Түүний хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслийг хураан авчээ.

Сүүлийн үед энэ төрлийн хэрэгт бага насны охид өртөх байдал удаа дараа бүртгэгдэж байгаа тул эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн  байгууллагаас анхаарууллаа. Мөн дээрх байдлаар гэмт хэрэгт өртсөн бол УМБГ-т яаралтай хандаж, мэдээлэл өгөхийг зөвлөж байна. Олон нийтэд сонор сэрэмж, анхааруулга өгөх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж