Өвөлжилтийн бэлтгэлийг 89.8 хувиар хангажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийг 89.8 хувиар хангажээ

Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан бөгөөд малчид зун, намрын отор нүүдлийг сайн хийснээр нийт малын 95.4 хувь нь дундаас дээш тарга хүч авсан талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өвөлжилт хүндэрсэн үед зайлшгүй авах арга хэмжээний талаарх саналыг албаныхан маргааш Засгийн газарт танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргах юм байна.

Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.

-Энэ жил нийт нутгаар өвөлжилт хэр байх бол?

-Ус, цаг, уур орчны хүрээлэнгийн газраас 2013-2014 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээллийг үндэслэн тооцоход нийт нутгийн 70 орчим хувьд малын өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Тодруулбал, тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нийт нутгийн 20 гаруй хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа юм. Тиймээс бэлчээрийн даац хэтэрсэн отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцоно. Орон нутгууд гэрээ байгуулан өөр аймгийн нутагт 3253 өрхийн 965.0 мянга, өөрийн аймгийн бусад сумын нутагт 6799 өрхийн 2.1 сая, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 743 өрхийн 473.9 мянга, улсын хилийн зурвас газарт 2780 өрхийн 864.0 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3145 өрхийн 1113.3 мянган мал нийт 17.1 мянган өрхийн 5.7 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар болж байна.

-Өвөлжилтийн бэлтгэлээр хадланг хэдий хэмжээгээр бэлтгэсэн бэ?

-Энэ жил хадлан бэлтгэлд 4922 дугуйт трактор,  434 хаман боогч, 3170 морин хадуур, тармуур ашиглаж малчдын түвшинд 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, 40.7 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 45.9 мянган тонн гар тэжээл бэлтгэж төлөвлөгөөт зорилтыг 82.5 хувиар хангалаа. Харин Засгийн газрын 210 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар аймгийн түвшинд 9.1 мянган тн өвс бэлтгэж 71.1 хувь,  сумын түвшинд 16.3 мянган тонн өвс бэлтгэж 76.7 хувь тус тус биелэлттэй байна.

-Малын халдварт өвчнөөс сэргийлэхээр ямар арга хэмжээ авсан бэ?

-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар халдварт болон гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, тандалт шинжилгээ, боловсруулалтад давхардсан тоогоор нийт 81.8 сая мал  хамрагдаж энэ онд төлөвлөгдсөн ажил 95.3 хувийн биелэлттэй байна. Энэ онд малын гоц халдварт хонины цэцэг өвчинДорноговь аймгийн Хатанбулаг суманд, боом Архангай аймгийн Цэнхэр сум, шүлхий өвчин Баян-Өлгий аймагт тус тус гарч уг өвчний голомтыг богино  хугацаанд устгаж одоогийн байдлаар олон улсын хорио цээрт болон халдварт  бусад өвчнөөр  тайван байна.

-Бэлтгэл муу байгаа аймгуудыг хэрхэн өвөлжүүлэх вэ?

-Аймгуудын мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах чиглэлээр ҮХАА-наас ажлын хэсэг томилон бүх аймгуудад ажиллуулсны үр дүнд  бэлтгэл хангалтгүй байсан Дорноговь, Дундговь, Завхан аймгууд аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил дээр анхаарлаа хандуулан төсөв, хөрөнгө гарган нэг сарын дотор өвс, тэжээлээ 50-иас дээш хувиар бүрдүүлсэн. Харин цас их унаж, мал өвөлжилт, хаваржилт байнга хүндэрдэг Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд өнгөрсөн жил хамгийн их малын хорогдолтой байсан бөгөөд алдаа, дутагдлаа байнга давтаж аймгийн аюулгүйн нөөцөө хангалтгүй биелүүлсэн.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж