Тэнгэрийн бошигтнууд…

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн бошигтнууд…

Тэнгэрийн амьтад Монголд олон бий. Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж тэд өөрсдийнхөө хамгаалалт, халдашгүй дархан байдлыг газрын нөхдүүдэд сануулан үе үехэн урьдчилан сэргийлэх мэдээг улиглах. Тэд аливаа ашиг сонирхолд автахгүй, хэн нэгэн бүлэглэл, нам эвсэл хөндлөнгөөс нөлөө үзүүлэх боломжийг нь үгүй хийх үүднээс тэднийг хуулиар хамгаалсан нь энэ. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялаас мултрах хамгаалалт гэж зарим хүмүүс эндүүрдэг байх. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Д.Сугарыг МИАТ-ийнхний хэрэгт шалгах хүсэлтийг прокуророос тавихад Үндсэн хуулийн Цэц хүлээн зөвшөөрчихсөн бол тийм сэдэл хэн хүнд төрөхгүй байсан. Д.Сугарыг тэрбумаар тоологдох мөнгийг завшсан гэж энд хэлээгүй шүү. Харин энэ хэрэгт холбогдсон эсэхийг нь шалгаж тогтоохоор л хандсан хэрэг. Яагаад гэвэл МИАТ-ийн удирдлагуудын хэрэг үйлдэгдсэн тэр цаг хугацаанд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан болохоор нь түүнийг шалгах ёстой. Гэтэл Цэцийн гишүүний бүрэн эрх гэгчээр түрий барин мулталж дөнгөлөө. Тийм их хэмжээний мөнгө ярьж байхад Төрийн өмчийн хорооны дарга мэдэхгүй байх боломжгүй. Боломжгүй учраас боломж олгоод байснаараа хариуцлага алдсан л хэрэг болж таарна. Харин нөгөө бүрэн эрх нь хариуцлага алдах эрхийг нь олгож байна гэсэн үг.  

Ингээд сүр дуулиантай эхэлж, авлигачдад айдас түрүүлэх нь гэж цуурайтуулж байсан хэрэг хумигдаж эхлэв.

МИАТ-ийн зарим удирдлагуудад холбогдох мөнгө угаасан дуулиант хэргийг гурван шатны шүүхээр шийдвэрлэлээ. Мөрдөнгийнхөн чичлүүлэн байж, прокурорынхон хараалган байж цуглуулсан хавтаст хэрэг, анхан шатны шүүхийнхэн сэтгэлдээ дарамт тээн шийдвэрлэсэн шийдвэрийг Дээд шүүх ганцхан алх нүдээд баллуурдаж орхив. Харамсалтай нь хуулийн ямар заалтыг хэрхэн хэрэглэж, хэнийг ялаас чөлөөлж, алийг нь ахадсан гэмээр ял оноохоо гаргууд мэддэг бас л хөх тэнгэрийн доохно суудалтай нөхдүүд ганцхан алх тоншилтоороо орвонгоор нь эргүүлчих нь тэр. Тайлбар нь их гоё. “Мөнгө угаасан нь тогтоогдсон ч энэ зүйлчлэлээр ял оноох үндэслэлгүй байжээ” гэж байгаа юм. Хуучин Монголын гэрлэх ёсонд богтолж байна гээд айлын охиныг хулгайлдаг байсан даа. Хүний наймаа, хулгай мөн үү, мөн. Гэхдээ эхнэрээ болгочихсон юм чинь хулгай биш ээ гэсэнтэй яг адилхан. Мөнгө хулгайлсан нь тогтоогдож байгаа ч мөнгө угаасан зүйлчлэлээр ял оноож болохгүй гээд байгааг дээр нь тэнгэр байдаг тийм мундаг хүмүүс л ойлгох байх. 

Их сонин. Тэгснээ МИАТ-ийн захирал Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нарын тухайд бусадтай буюу Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нартай үгсэн хуйвалдаж бүлэглэсэн нь тогтоогдоогүй гээд Эрүүгийн хуулийн 272.2-т зааснаар албан үүрэгтэй хайнга хандсан гэх үндэслэлээр хорих ялыг  тус бүр гурван жил болгож хөнгөрүүлсэн.

Авлигын талаар жүжиг бичиж байгаа биш дээ. Юу гэж Ц.Орхон би ингэж ярьсан. Тэгэхээр нь Б.Бат-Эрдэнэ би “тэгье” гэсэн гээд тэнэгтээд зогсч байх вэ дээ. Ингээд хуйвалдаан нь тогтоогдоогүй болохоор зүгээр явуулах нь ч хаашаа юм. Ажлын хариуцлага алдсан гээд нэг ял өгчихье гэсэнтэй агаар нэг. Ингэхэд ажлын хариуцлага алдсан гэдэг нь тогтоогдсон юм болов уу. Хүн хэлмэгдүүлчихээгүй байгаа даа. МИАТ гээчийн хэрэг бол энэ хэдхэн хүнээр хязгаарлагдахгүй. Үе үеийн өндөр албан тушаалтнууд, томоохон улстөрчид ард нь бий. Тэр бүхнийг сөхөж гаргаж ирж чадахгүй учраас ингэсгээд зогсоохоор болсон талаар ч ярьцгаадаг. Үнэхээр үүний ард бохир улстөрчид бий нь үнэн. 

Мөрдөн байцаалтын  шатанд  дээрх нэр бүхий хүмүүс 9.3 тэрбум  төгрөгийн хохирлыг Монгол Улсын төрд учруулсан. Үүнийг ажлын хариуцлага алдсан гэж Дээд шүүх үзэж буй юм байна.

Ер нь л Дээд шүүх иймэрхүү байдлаар олон хэргийг ялыг хөнгөлсөн. Анхан болон дунд шатныхны хөдөлмөрийг баллуурдсан гэсэн үг шүү дээ. Одоо том гарын нөхдүүдийн дунд нэг яриа ид хүчээ авч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэн ч шийдвэр гэж хүлээж авахаа байлаа. Тэр шийдвэрээр насаар нь хорих ял оноох байсан ч огтоос тоохгүй. Дээд шүүх дээр л учрыг нь олно гэж гадуур ярьдаг болж дээ. 

Хамгийн энгийн нэг жишээг авъя л даа. Увс аймагт өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараалгуулсан. Мөнгийг нь тараасан хүмүүс нь бүгд ялаа авсан. Харин жинхэнэ хэргийн эзэд хэнгэргийн дохиур болсон хоёр нөхөр Төрийн ордонд алхаж яваа. Тийм л шударга байсан бол Дээд шүүх захиалагч этгээд ялаас мултрах гэж байна гэж шийдвэр гарган хэргийг мөрдөн байцаалтанд яагаад буцаасангүй вэ.

Удахгүй 300 сая ам.долларын Ё.Отгонбаярын хэрэг шүүхээр дэнслэгдэнэ. Тэр цагт иймэрхүү л юм болох болов уу даа. Учир нь Ё.Отгонбаярын хэргийн ард бүхэл бүтэн хүчин буй.

Долдугаар сарын 1-ний үймээнд оролцож чулуу шидсэн залууст “Миний намын байрыг шатаадаг хэн бэ” гэж уурсан канондсон шийдвэрээр бүгдэд нь ижил ял оноож байсан Дээд шүүхийн эрхэм энхрий хайрт намынхаа талд байх болов уу эсвэл эзэн биегүй хохирогчийн төлөө байна уу гэдгийг бодоорой. 

Иймэрхүү байдлаар хуулийг өөрсдийнхөө өнцгөөр тайлбарладаг. Аварна гэснээ яаж л бол яаж, ямар ч заалт руу хэргийг нь хамааруулаад шийдвэрлэдэг. Явуулна гэсэн нэгнээ юугаар ч хамаагүй ялладаг тийм шүүх Дээд шүүх болчихсон юм биш байгаа. Монголд шат шатны шүүх байдаг ч үнэндээ ганцхан Дээд шүүх л бүхнийг эрхшээж байна. Өнгөрсөн хугацаанд авлигын болоод албан тушаалтны олон дуулиант хэрэг Дээд шүүх дээр очоод ял нь хөнгөрч, зарим нь ял завшаад өнгөрсөн олон жишээг энд дурдаж болно. Хуулийг зөв эсхүл буруу хэрэглэснийг хянах ёстой Дээд шүүхийн үндсэн агуулга нэг алдагдсан. Эсвэл анхан, дунд шатны шүүхийнхэн хар дээр цагаанаар хараад бичсэн хуулийг уншаад ойлгох чадамжгүй хүмүүс байна уу гэж асуумаар санагдана.

Бурууд хатуу, зөвд зөөлөн байх ёстой шүүх засаглал нь иймэрхүү албан тушаалтан, авлигачдад аядуухан, архичин, хулгайчид ширүүхэн тийм хууль үйлчилж байна.

Халаасны хулгайчид арван таван жил өгчихдөг энэ шүүх шоронгийн ялтнуудад зарцуулах жилийн төсвийн мөнгийг халаасалчихсан нөхөрт бол 2-3 жил л өгөх жишээтэй. Учруулсан хохиролдоо таарсан ялын бодлого алга. Харин ч эсэргээрээ их идвэл ялаас чөлөөлдөг гажигтай тогтолцоог Дээд шүүхийнхэн мөрдлөг болгосон гэлтэй. Тийм бол томоохон хулгайч болохыг хэн хүнгүй зорих болно. Дээшээ хөх тэнгэр хараад байхаар хөрст амьдралын бодит хэмжээс алдагддаг юм даг уу.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж