Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан нь тогтоогджээ

“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудал өнгөрөгч долдугаар сараас дуулиан тарьсан. Одоогоор Ш.Батхүүд холбогдох хэргийг  УМБГ-т шалгаж байгаа бөгөөд  Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг, тамга  тэмдгийг хуурамч эсэхийг шалгуулахаар шүүхийн шинжилгээний төвд  хүргүүлээд байсан юм.  Энэ талаар УМБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Отгонжаргалаас тодруулахад “Шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын  үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон” гэх хариулт өглөө.

Ш.Батхүүгийн хувьд ТӨХ болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар  үйлдсэн  гэж  анхнаасаа мэдүүлж байсан  юм. Гэвч Ш.Батхүү хэргээ хүлээсэн   ч Монгол Улс 140  гаруй сая ам.долларын өрөнд орох дээрээ тулаад байгаа. Учир нь Өмнөд Африкийн “Стандарт” банк Ш.Батхүүд  зээлсэн мөнгөө Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлээд байгаа юм. Тус банкныхан “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж зээл олгохдоо хуурамч бичиг баримтыг үндэслээгүй гэж мэдэгдсэн.

Хэрэв "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсэг  жинхэнэ байсан бол  шууд энэ хэрэгт татах   нөхцөл бүрдэх байсан. Нэгэнт гарын  үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир Ш.Батхүү ганцаараа хэргээ үүрч, “Стандарт” банкны өрийг хэн хэрхэн барагдуулах нь тодорхойгүй хэвээр  байна. Тэрээр “Стандарт” банкинд төлөх ёстой 109 сая ам.долларын 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлд  зарцуулсан гэж мэдүүлжээ.

Одоогийн байдлаар  УМБГ-аас “Жаст” группийн эзэмшлийн  48 шатахуун түгээх станц, Мах маркет компанийн эд хөрөнгийг битүүмжлээд байна.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж