Э.Саруул: Түүхэн амжилтууд зэрэгцсэн тэмцээн болсон

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Э.Саруул: Түүхэн амжилтууд зэрэгцсэн тэмцээн болсон

Монголын байт харвааны түүхэнд энэ онд олон үйл явдал тохиолоо. Улаанбаатар хотноо өнгөрөгч долдугаар сард анх удаа арван орон оролцсон Азийн Гран при /”Дэлхийн цом”/ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Улмаар Азийн насанд хүрэгчдийн тэмцээнээс хувийн харвааны анхны мөнгөн медалийг хүртэж, өсвөрийн тивийн аваргын анхны хүрэл медаль хүртлээ. Мөн өсвөрийн болон пара байтын ДАШТ-нд амжилттай оролцсоны дээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүүгч урилгаар шүүсэн гээд үйл явдлаар дүүрэн шинэ оныг угтаж буй.

Ингээд өнгөрөгч аравдугаар сард Тайвань улсад болсон Азийн аваргын тэмцээнийг шүүсэн Ази Тивийн шүүгч Энхбатын Саруултай ярилцлаа.

-Юуны өмнө Азийн аваргын тэмцээнийг шүүсэн талаар яриагаа эхэлье?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд нэг удаа болдог. 18 дахь удаагийн тивийн аваргын тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны хооронд Тайваны Тайпай хотноо боллоо. Тус тэмцээнд Азийн 18 орны 200 гаруй шилдэг тамирчид рекурв /олимпийн зай буюу 70 м/ болон компаунд /50 м/ төрөлд өрсөлдсөн. Миний хувьд тус тэмцээнд шүүгчээр ажиллаад ирсэн.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх эрхээ хэрхэн авсан бэ?

– 2010 онд Шанхайд болж байсан Залуу шүүгчдийн семинарт хамрагдаж байсан бөгөөд энэ онд Ази тивийн шүүгч болсон. Өнгөрөгч тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болсон Азийн шүүгчдийн семинарт амжилттай оролцож, тивийн шүүгчийн эрхээ авсан. Долдугаар сард Улаанбаатар хотноо болсон Азийн буюу дэлхийн цомын Гран при тэмцээнийг шүүсэн. Манай улсын хувьд Азийн гурван шүүгчтэй. Надаас гадна А.Эрдэнэчимэг, С.Туул нарын шүүгч бий. Тайваньд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүх урилга Азийн байт харвааны холбооноос ирсэн. Тиймээс миний бие улсаа төлөөлж Азийн аваргыг шүүсэн байгаа.

-Тэмцээнд хичнээн орны шүүгчид ажилласан бэ?

-Нийтдээ насанд хүрэгчид болон өсвөрийн Азийн аваргыг 12 шүүгч шүүснээс найм нь тивийн болон олон улсын шүүгч байсан. Дээрх наймын нэг нь би. Шүүгчдийн даргаар Олон Улсын шүүгчийн нэр дэвшигч, Тайвань улсын шүүгч Yu-Hsuan Pan ажилласан.

-Тус тэмцээнд манай тамирчид өндөр амжилт үзүүллээ. Шүүгчийн зүгээс тухайн үед харж байхад хэрхэн догдолж байв?

-Мэдээж маш их баяртай байсан. Азийн аваргын тэмцээнийг шүүж байхад манайханы гаргасан амжилт түүхэнд тэмдэглэх үйл явдал болсон болохоор үнэхээр билэгшээсэн. Бас хүнд улам их урам зориг ордог юм билээ. Тэмцээний эхний өдрүүдэд өсвөрийн тэмцээний медальтнууд тодорсон. Насанд хүрэгчдийн тэмцээнтэй хамтатган өсвөрийн тивийн аваргын тэмцээн болсон. Тус тэмцээнд охидын рекурв зайд гурван тамирчин өрсөлдсөнөөс Ч.Оюунтунгалаг хүрэл медаль хүртсэн. Охидын рекурв зайд 19 тамирчин оролцож Ч.Оюунтунгалаг 568 оноогоор 11-р байраар шалгарсан. Хасагдах шатанд Сингапур, Казахстаны тамирчдыг хожиж, хагас шигшээд шалгарч, улмаар хүрэл медаль хүртсэн байгаа. Түүний хувьд мөнгөн медалийн төлөөх харваанд Филиппиний тамирчинд ялагдсанаар ирэх жил БНХАУ-д болох залуучуудын олимпод оролцох эрхээ хараахан авч чадаагүй. Энэ зайд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад Залуучуудын олимпийн эрхийг өгсөн. Манай эмэгтэй, эрэгтэй баг шилдэг наймд багтсан амжилтыг үзүүлсэн. Насанд хүрэгчдийн хувийн харвааны медальтнууд тэмцээний сүүлийн өдөр /11.02/ тодорсон. Манай шилдэг тамирчдаас ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртлээ. Энэхүү медаль 1969 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан Д.Дэмбэрэл агснаас хойш үзүүлж буй хувийн харвааны томоохон амжилт юм билээ. Тиймээс энэхүү үнэтэй ирсэн медальтнуудтай хамт тус тэмцээнийг шүүсэн нь Монголын байт харвааны холбооны түүхэн үйл явдлын нэг боллоо. Ж.Гантөгсийн хувьд сонгодог зай буюу рекурв төрөлд өрсөлдөж урьдчилсан харваанаас 49 тамирчнаас 7-р байраар шалгарсан. Улмаар 1/24-д хийлж, Тайланд, Малайз, БНСУ-ын тамирчдыг хожиж хагас шигшээд шалгарсан. Тэр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын Жон Сун Воныг хожсон байгаа. Азид төдийгүй дэлхийд хүчтэй Өмнөд Солонгосын хоёр тамирчинг дараалан хожиж, медальд хүрч буйг харж байхад сайхан байсан.

-Тэмцээний шийдвэрлэх харвааг шүүсэн байх.

-Азид төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлддөг БНСУ, Энэтхэг, Япон, Тайвань гээд улсын шилдэг тамирчдын харвааг шүүсэн болохоор эмээх зүйл их байсан шүү. Анхны азийн аваргын тэмцээний шүүлтийг амжилттай хийсэндээ сэтгэл өндөр байна. Холимог болон эмэгтэй багийн хүрэл медалийн төлөөх харвааг шүүж байсан. БНСУ, Япон, Энэтхэг Тайвань улсын тамирчид бол үнэхээр хүчтэй юм билээ. Тайваны тамирчид нутаг дээрээ гээд ер нь өндөр амжилтыг үзүүлсэн.

– Таны хувьд Ази тивийн шүүгч гэсэн. Ирэх онд тэмцээн уралдаан олон байгаа шүү дээ.  Цаашлаад 2016 оны олимпийн цикл дөхөж байна.

-2014 онд олон уралдаан тэмцээн бий. Олон улсын тэмцээнийг шүүх эрхийг Азийн холбооноос олгодог. Тухайн тэмцээний өмнө Азийн холбооноос шүүгч нарт урилга илгээдэг. Миний хувьд ирээдүйд Олон Улсын Шүүгчийн нэр дэвшигч болох, цаашлаад Олон Улсын шүүгч болох зорилготой ажиллаж байна.

Ч.БОЛОР





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж