
Монголын анхны сургалтын нээлттэй нөөц материалын веб портал www.oer.edu.mn сайтын нээлт өнөөдөр ШУТИС дээр боллоо. БШУЯ, ШУТИС хамтран UNESCO-ийн боловсролын мэдээллийн технологийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр сургалтын нээлттэй агуулгыг бүх нийтэд хүргэх, интернэт хэрэглэгчдийн мэдлэгийн хэрэгцээг хангах зорилгоор тус сайтыг бүтээсэн байна. Энэхүү веб портал сайт нээгдсэнээр боловсролын бүх шатны агуулгыг оюуны нээлттэй эрхийн зөвшөөрөлтэйгээр үзэх, багш нар хичээлийн агуулгаа нээлттэй тавих, хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа онцлог ажээ.
Сонирхуулахад, дэлхийн олон орон боловсролын салбар дахь мэдээлэл харилцааны технологийн интеграцийг бүрэн дэмжиж, хүн амьдралынхаа туршид суралцахад нь сургалтын чанарын шаардлагыг өндөрсгөх, агуулгыг өргөжүүлэх, хөгжүүлэх, нээлтэй болгохыг чухалчлан бүх талаар дэмжин хэрэгжүүлж байгаа аж.
Д.БҮҮВЭЙ