Төсвийн тогтвортой байдлын тухай хууль уналаа

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль уналаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжиж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 38.2 хувийн дэмжлэг хүлээснээр төсөл уналаа. Ингэснээр дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаах болж байна.

УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан нөхцөлд ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьд хүрэх байсан юм. Энэ хүрээнд Засгийн газар гадаад зах зээлд 2 их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах эрх үүсэх байв. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргасан нөхцөлд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээх ёстой. Харин сая болсон санал хураалтад гишүүдийн гуравны нэгийн л дэмжлэг хүлээсэн учраас төсөл унаж, төрхөмдөө буцах болж байна.

Санал хураалтад 68 гишүүн оролцсоноос 38.2 хувь нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжиж кноп дарсан бол бусад гишүүд эсрэг санал өгсөн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж