Уран байгаль дээр түүхийгээр, огт
хөндөгдөөгүй байхдаа төдийлөн хор хөнөөлтэй биш. Түүнийг олборлох үед агаарт
цацагдсан тоосонцор, үлдсэн хаягдал шороо, баяжуулж боловсруулах бүх шатанд их
хэмжээний хорт хаягдал гардаг. Үүнээс атомын цахилгаан станцад ашигласны дараа
үлдэх хаягдал нь хүн төрөлхтөнд хамгийн аюултай гэж үздэг. Ураны уурхайн
хаягдлын талаар цөмийн хог хаягдал гэж ярьдаггүй ч уг нь бол бас л энд багтдаг.
Гэсэн ч түүнийг орхиод Цөмийн хорт хаягдал (Nuclear waste) гэж юу болох талаар
мэдээллийг судлаад үзэцгээе.
Уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой
анхаарал татдаг, яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд хаягдлаа
булшлах газар олоход хэцүү байдаг, яагаад АНУ-ын засгийн газар 2011 оны 2-р сард
Невада мужийнхаа Юкка ууланд 10 орчим тэр бум доллар зарцуулан, хадан уулыг
300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьсан ч үүнийгээ таслан
зогсоож[13], бусад гадаадын улс оронд хаягдлаа хаяхаар
хөөцөлдөх болсон шалтгааны талаар өгүүлье.
Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ.
Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурдсан радионуклидээс тогтоно.
Радионуклид | Цацрагын төрөл | Хагас задралын хугацаа(жилээр) | Хүний биед хадгалагдах хагас хугацаа | Бай эрхтэн |
34Cl | бета | 3×105 | 10 хоног | Бүх эрхтэн |
79Se | Бета | 1.1×104 | 200 хоног | Элэг, бөөр |
94Nb | Бета, гамма | 2×104 | 200 хоног | Уушиг, элэг, яс |
99Tc | Бета | 2.1×105 | 1.6 хоног | Бамбай булчирхай хоол боловсруулах зам |
129I | Бета | 1.57×107 | 80 хоног | Бамбай булчирхай |
135Cs | Бета, гамма | 2.3×106 | 110 хоног | Бүх эрхтэн |
238U | Альфа, гамма | 4.47×109 | 100 хоног | Яс, бөөр |
239Pu | Альфа | 24130 | 10 жилээс хэдэн 10 жил | Элэг, төмсөг, өндгөвч, яс |
[14]
Дээрх радионуклидууд дундаас хамгийн бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд
ойролцоогоор 24000 жил болсны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг
байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10
хүртэл жил хадгалагддaг нь эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөг нэмэгдүүлдэг. Хүн
төрөлхтний соёл иргэншлийг 3000 жилийн өмнөөс Египтийн эзэнт гүрний үеэс
эхлэлтэй гэж үзэхэд хамгийн бага хугацаанд задарч дуусах цацраг идэвхт бодис нь
түүнээс 8 дахин урт хугацаанд хортой туяа ялгаруулна гэсэн үг.
Гэтэл
өнөөдөр ийм удаан хугацаанд аюулт цацраг ялгаруулдаг энэ цөмийн хаягдал гэгчийг
саармагжуулах шийдлийг олсон ганц ч улс, орон байхгүй. Яг өнөөдрийн байдлаар
уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт
хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд асар
том бетон агуулахад хийн орхиж байна. Тэгсэн хэр нь булшилсан ураны шаар ямар
нэгэн хохирол учруулахгүй гэдэгт тэдгээр улс орнуудын аль нь ч ямар нэгэн
баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Угаасаа ч тийм баталгаа гаргах
боломжгүй. Дэлбэрэхгүй баталгаа өгсөн атомын цахилгаан станц өнөөдөр дэлбэрч
байгаа нь хүн төрөлхтөн хэтэрхий ахадсан тоглоомоор тоглож буй хэрэг юм. Газрын
гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан
цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгүй гэх ямар ч баталгаа алга гэсэн үг.
Магадгүй ийм зүйл болж цацраг идэвхт бодист газрын гүний усны судлуудад нэвчих,
магадгүй өөр бусад хүн төрөлхтний тооцоолоогүй замаар хөрсөн дээр гарч ирвэл
яах вэ?
Цацраг идэвхт бодисыг тээвэрлэх явцад бас л туяа ялгарч хордуулах болно.
Магадгүй бүүр тээвэрлэх явцад алдагдвал яах вэ? Улаанбаатараар төмөр замаар
өнгөрөх үед террорист халдлага болохгүй гэх баталгаа бий билүү?
Цөмийн хаягдлыг дотор нь Бага, дунд, өндөр төвшний хаягдал гэж ялгадаг ба дунд
өндөр төвшний хаягдал нь маш аюултай хортой юм. Эрүүл мэндийн салбараас гарч
буй бага төвшний хаягдлыг АЦС-аас гарч буй өндөр түвшний их хэмжээтэй
хаягдалтай харьцуулах нь утгагүй хэрэг юм. Цөмийн хаягдлын ялгаруулах цацраг нь
их байх тусам хордуулах хэмжээ нь их байна.
Ийм учраас цөмийн энергийг ашигладаг улс орнууд энэхүү хог
хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, маш их мөнгө төлөн бусад ядуу буурай улс оронд
хаяхыг эрмэлздэг байна. Энгийн үгээр хэлбэл “би үхэхээр чи үх” гэсэн л үг юм.
Цөмийн хорт хаягдлаас урган гарч болох бусад улс төр, эдийн засгийн
эрсдлүүд:
- Цөмийн
хорт хаягдлыг дахин боловсруулж цөмийн зэвсэг хийдэг түүхий эдийг хялбар
аргаар гаргаж авч болдог. Цөмийн зэвсгийн түүхий эд болох хорт хаягдлыг
Монголд булшлах болбол цөмийн зэвсэг сонирхогч улс орнууд, террористуудаас
хамгаалах шаардлагатай болно. Үүний дагуу АНУ цэргийн бааз Монголд
байгуулах магадлал өндөр. Хөрш том хоёр оронтой улс төрийн хувьд тийм ч
таатай бус харилцаатай том гүрнүүдийн хооронд зөрчилдөөн үүсвэл хамгийн
эхний дайны талбар хаана байж болох вэ? - Монгол улс
дэлхий дээр цөмийн хаягдлын хог хаягдлыг булшлагч орон гэсэн нэртэй болно.
Ингэвэл цөмийн хаягдалтай оронд зочлоод зугаацаад байх сонирхолтой
жуулчдын тоо хэр их байх бол? Цацраг идэвхт бодисын хогийн сав болсон
улсаас бараа, таваар худалдан авах мулгуу хүн байх уу? Тэгэхээр Монголын
эдийн засаг гадагшаа бараа бүтээгдэхүүн гаргах боломж нөхцөл нь улам бүр
хаагдаж Монголчууд зөвхөн цөмийн хаягдлыг авч хаяулж, газар нутгаа ухуулж
байж мөнгө олоод түүнийгээ юу ч хийлгүйгээр зүгээр хувааж идэгчид болж
хувирах юм биш байгаа?
АЦС-аас бусад ашигтай эрчим хүчний эх үүсвэрүүд
Өнөөдөр дэлхий даяараа аюулгүй, зардал багатай хангалттай
эрчим хүчний эх сурвалжийг хайн судалж байна. Үүнд нар, салхи, биомассын эрчим
хүчийг хамгийн их анхаарч байгаа бөгөөд өнөөдөр дөнгөж 20% хүртэл ашиглагдаж
байгаа нарны энергийг 5 жилийн дараа 90% хүртэл ашиглагдах боломжтой болно[16]
гэх зэрэг судалгаа, нээлтүүд шил шилээ даран хийгдэж техник технологи хөгжиж
байна. Хэдэн жилийн дараа ямар ч АЦС хэрэггүй бүхнийг хямд аргаар, аюулгүй нар,
салхины эрчим хүчээр шийддэг болсон байх боломжтой болох хүртэл нүүрсний
цахилгаан станцаа сайжруулан ашиглаж байхад алдах зүйл үгүй болов уу.
Эх сурвалж: http://www.nuclearfreemongolia.com/