Ашигт малтмалын газрын сүүлийн үеийн судалгаагаар нэг тэрбум 160 сая тонн төмрийн хүдрийн нөөц Монголд байгааг тогтоожээ. Үүний 90 орчим хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай, баттай тогтоогдсон нөөц гэх. Гэтэл гангийн дотоодын хэрэгцээ жилдээ 500 мянган тонн бөгөөд үүний 20 хувийг дотоодоосоо хангадаг ажээ. Өөрөөр хэлбэл, 400 мянган тонн ганг 700 орчим сая ам.доллараар гаднаас авч байна. Гангийн бэлэн бүтээгдэхүүнийг гаднаас аваад сурчихсан бидний гангийн бодит хэрэгцээ нь ийм бага байгааг салбарынхан тайлбарладаг. Ялангуяа барилгын гол материал арматур төмрийг гаднаас авалгүйгээр дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэйн жишээ бий. Салбарын онцлогийн хувьд гадаад зах зээлээс хараат, мэдрэмтгий, үйлдвэрлэлийн явцад хөрөнгө оруулалт их шаарддаг. Тиймээс дунд, урт хугацааны стратегийн бодлого боловсруулах хэрэгтэй гэдэг.
Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрүүд эрчимтэй ажиллаж буйгаас ган бөмбөлгийн хэрэгцээ улам өсөн нэмэгдэх болжээ. Урт удаан жилийн настай тээвэр, ложистикийн асар том асуудлыг шийдэхийн тулд төмөр замын бүтээн байгуулалтыг ойрын жилүүдэд эрчимжүүлэх учраас төмөр замын рейс төмрийг үйлдвэрлэхэд гангийн үйлдвэр нэн чухал. Гангийн 40-50 бүтээгдэхүүн байдгаас энэ хоёр нь манай хүнд үйлдвэрлэлийн салбарт нэн тэргүүний хэрэгцээ болж буйг салбарынхан хэлж байна.
Монгол Улс одоогоор 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортолж буй бөгөөд ойрын хоёр жилдээ энэ хэмжээ 10 сая тонн болох боломжтой гэнэ. Харин төмрийн хүдэр олборлолтоор 24 сая тоннд хүрэх таамаглал байгаа ажээ. Одоогийн байдлаар нийт 56 компани төмрийн хүдрийг нөөцийг эзэмшиж буйгаас 41 компани нь дээрх хэмжээний экспорт хийж байна. Харин төмрийн хүдрийн баяжмалын нийт экспортын 70 орчим хувийг “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр” хоёр компани дангаараа бүрдүүлж, ачааг үүрч байна. Дотоодынхоо хэрэглээг хангаж чадахгүй байж экспортлоод байдаг тэнцвэргүй мэт харьцаанд “Гложекс холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Л.Наранбаатар “бид төмрөө түүхийгээр нь гадагш гаргаад байгаа болохоор шүүмжлэлд их өртдөг л дөө. Гэвч хайгуул, олборлолтоо зогсоох ёсгүй. Саяхан гэхэд “Харанга ресурсэс компани Сэлэнгэ төслөөр ямар ч хайгуулын сонирхол татахааргүй газарт эрсдэл гаргаад өөрөө хөрөнгөө шийдэж ажиллаад 300 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлчихлээ. Энэ мэтчилэн хувийн хөрөнгө оруулалтыг хайгуулын салбарт зөв оруулж чадвал экспортыг хаах, зогсоох биш, салбарын хэмжээнд урт хугацааны стратегийн бодлого хэрэгтэй” гэсэн юм.
Металлургийн цогцолбор байгуулах нүсэр ажил түүн дотор гангийн үйлдвэрийг барих нь нэгэнт тодорхой боллоо. Гагцхүү хаана барих асуудалд бодлого боловсруулагчид, салбарынхан түлхүү анхаарч байна. Хүнд үйлдвэрийг байгуулаад түүнд шаардлагатай түүхий эдийг холоос татаж авчирч, тэр нь тээвэрлэлтийн зардалд мөнгө хаях болно. Мөн усан хангамж, шаардлагатай дэд бүтцээс хол байх нь асар их зардлыг шаардах учраас энэ бүх нөхцөлийг харгалзан үзэж гангийн үйлдвэр байгуулах хоёр том байршлыг одоогоор товлоод байна.
Нэгдүгээрт, төмрийн хүдрийн нөөц ихтэй бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ орчмоор байгуулах санааг ярилцаж буй. Ингэхдээ цаг хугацаа, хөрөнгө оруулалт төдийлөн их шаардахгүйгээр ойрын хугацаанд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн барих боломжтой ч гэх хувилбар бий. Ингэхдээ одооны манай төмрийн хэрэглээ 500 мянган тонн бөгөөд энэ хэмжээний гангийн хэрэглээг хангах ган хайлуулах үйлдвэр байгуулах шаардлагатай ажээ.
Нөгөө хувилбар бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ган хайлуулах үйлдвэр барих. Сайншандын аж үйлдвэрийг байгуулахад тулгараад буй хамгийн том асуудал нь усны хангамж байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт хүнд металлургийн үйлдвэрлэлийг байгуулж, цаашдаа тогтвортой ажиллуулахад шаардагдах усны хангамж баталгаагүй. Тэгвэл “Metal Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр Сайншандын цогцолборт шаардагдах усны нөөц хангалттай гэдэг таатай мэдээг дуулгасан. Тэнд таван сая тоннын хүчин чадалтай гангийн үйлдвэр барих боломжтой талаар ярьж байгаа бөгөөд одоогийн байдлаар судалгааны ажил хийгээд дуусч байна. Энэ оны заагаар усны судалгаа дуусах ажээ. Инженер, геологийн судалгаа хоёрдугаар сард дуусах байх гэж албаныхан хүн хэлсэн юм. Тэр үед хөрөнгө оруулагч тодорхой болчихвол хэлцлүүдийг хийх юм байна. Ийнхүү усны нөөцийг давтан сайтар судалсаны дүнд үйлдвэр байгуулах бааз, суурь нь байгааг тогтоолоо. Ямартай ч одоогоор гангийн үйлдвэрийг нэг газартаа төвлөрүүлж барих уу, тус тусад нь салгах уу гэх зэрэг байршил, статусыг шийдээгүй байна.
Сүүлийн арван жилд төмөрлөгийн салбар металлургийн цогцолборт багтан хөгжих бэлтгэл үеэ туулсан бөгөөд одоо хүнд үйлдвэрлэлийг байгуулж, хөгжүүлэхэд ойртон иржээ. Ийнхүү төмрийн хүдрээ түшиглэн барилга, бүтээн байгуулалт, хөгжлийн тулгуур түүхий эдийн үйлдвэр байгуулах том сорилтын өмнө бид тулгараад байна.