-Тайландын Бангкок хотод болсон пара байтын дэлхийн аваргад оролцоод иржээ. Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Монголын пара байтын шигшээ баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Бангкокийг зориод ирлээ. Манай тамирчдын хувьд спортын мастер Б.Оюун-Эрдэнэ болон миний бие 1/8 шигшээд шалгарсан нь хамгийн том амжилт байсан. Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч боломжийн амжилт үзүүлсэн гэж бодож байгаа.
-Медаль авах боломж байгаагүй юм уу?
-Мэдээж бид медаль авахын төлөө л өрсөлдөнө шүү дээ. 1/8 шигшээд үлдээд харваж байхдаа бага зэргийн тактикийн алдаа гаргасан.
-Юунаас болов. Бэлтгэл хэр хийсэн бэ?
-Нэгэнт тэмцээн дуусаад ирсэн болохоор янз бүрийн шалтаг тоочоод яах вэ. Бэлтгэлийн хувьд сайн байсан гэж бодож байгаа.
-Тэгвэл ДАШТ-д оролцсон тамирчдын тухай юу хэлэх вэ?
-Байт харвааны спорт даяаршиж байгаа гэдгийг энэ тэмцээний үеэр л жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Хэдхэн жилийн өмнө Солонгос, Хятад, Их Британи, Тайланд тэргүүтэй цөөхөн орон л медалийн төлөө шалгардаг байсан. Гэтэл энэ жилийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Ер нь байт харваанд олон орон хөрөнгө хаяж, мэргэжлийн төвшинд хөгжүүлж байна. Энэ хэрээрээ өрсөлдөөн жилээс жилд нэмэгдэж байгааг хэлье.
-Тэгвэл манай бусад тамирчдын тухайд?
-Нэг их дутаад байхгүй. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийгээд явбал удахгүй амжилт гаргана гэдэгт итгэдэг. Б.Жавзмаа л гэхэд Лондонд хэчнээн сайн харвасныг та бүхэн мэднэ. Б.Оюун-Эрдэнэ маань дэлхийн аваргад мундаг байлаа шүү дээ. Дэд мастер Б.Анх-Эрдэнийн хувьд бага зэрэг туршлага дутсан. Гэхдээ тэр сайжирна. Ер нь би аливаа зүйлийг их өөдрөгөөр хардаг хүн.
-Одоо ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
-Миний хувьд энэ жил өөр тэмцээнд оролцохгүй байх. Бусад нь маань ч гэсэн ялгаагүй гэж бодож байна. Сайн мэдэхгүй юм.
-Зардал мөнгөний асуудлаа яаж шийдсэн бэ?
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг болохоор зардлыг улсаас даасан. Гэхдээ одоо спортыг дэмждэг байгууллага харьцангуй олон болсон. Тэр хэрээрээ амжилт гаргах магадлалтай болон гаргасан тамирчдыг дэмжиж ивээн тэтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр тамирчид маань өөрсдөө л хичээх хэрэгтэй. Тэгж чадвал ямар нэгэн тэмцээнд явахад зардал мөнгөний тал дээр бага санаа зовох болов уу гэж боддог.