Хэлний дүрэм хэдэн хүний бизнес үү?

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Хэлний дүрэм хэдэн хүний бизнес үү?

Аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн хэдэн эрдэмтэн нийлээд зөв бичгийн дүрмээ өөрчлөх юм гэнэ. Тэд энэ шийдвэрийнхээ үндэслэлийг Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37-р тогтоолтой холбон тайлбарлаж байна. Гэтэл эдгээр хүн өөрсдөө л энэхүү тогтоолыг гаргахыг шаардаж, гуйсан гэдгийг бас ч учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

Сүүлийн хориод жил өөр хоорондоо үгэн зэв шидэлцэж, "миний дүрэм зөв" хэмээн маргалдаж байсан эдгээр доктор, профессор, гавьяат багш нар гэнэтхэн л эвсэлдэн нэгдээд нэг том төслийн ард суучихлаа. Тэднийг нэгтгэж чадсан хамгийн гол зүйл бол мөнгө бололтой. Цаад учрыг нь шалгах л хэрэгтэй.

Гадаад үг хэллэгэд л ашиглана гээд өнөө муу хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг минь “буланд” шахчихлаа. Дээрээс нь энэ бол хамгийн хэрэггүй үсэг гээд “Й, Щ” хоёрыг ч мөн тэтгэвэрт гаргалаа. Хаврын урь орлоо гэж бичдэг байсан цаг өнгөрөөд “ур” гэж бичих нь. Гэтэл модны ур гэж нэг юм бас бий. Энэ мэт адил төстэй хэрнээ утга ондоо үгсийг яах вэ?

За, тэгээд шинэ дүрэмтэй боллоо гэхэд сүүлийн тавь гаран жилийн хугацаанд хэвлэсэн ном, одоо хэрэглэгдэж байгаа сурах бичгүүдийг дахин хэвлэхээс өөр аргагүй болох болно. Энэ бүхнийг бүрэн хэвлэж, тарааж дуусахад бидэнд байгаа цаг, мөнгө хүрэх үү гэдэг нь сонин. 

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж