Ерөнхий сайд сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зориуд, зохион байгуулалттайгаар хүүхдийн мөнгө өгөхөө болино, орон сууцны найман хувийн зээл зогсоно, Шинэчлэлийн Засгийн газар 17 төрлийн татвар шинээ бий болгоно, Японоос цөмийн хаягдал оруулж ирж булшилна, уранд мал хордож үхсэн зэрэг ташаа мэдээлэл цацагдаж байгааг залруулж, анхааруулга гаргаснаа мэдэгдлээ.
Тэрбээр дээрх мэдээллүүд ямар ч үндэслэлгүй, Засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгэх гэсэн оролдлого болохыг энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид цаг үеийн асуудлаар Ерөнхий сайлаас зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн. Намын даргын хувьд та байр сууриа тодорхой илэрхийлэхгүй юу?
-УИХ-ын даргад гишүүнээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлсэн байна лээ. Энэ асуудлаар Р.Амаржаргал гишүүн надтай уулзаагүй. Яагаад ийм шийдвэр гаргасныг өөрөөс нь асуу.
-Р.Амаржаргал гишүүн ҮЗХ-ны гишүүнээсээ мөн татгалзаад байгаа шүү дээ.
-ҮЗХ-ны гишүүнээс татгалзах өргөдөл надад хамаагүй, би мэдэхгүй. ҮЗХ-ны гишүүнээр сонгосон газар нь намын хороо.
– Хэрэв УИХ гишүүний хүсэлтийг хүлээн авбал нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэхээр байгаа. Таныг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх сонирхолгүй байна гэж ойлгож болох уу?
-Өөрсдийнхөөрөө ойлго.