МИАТ-ийн экс удирдлагуудын ялыг хөнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн экс удирдлагуудын ялыг хөнгөрүүллээ

-Мөнгө угаасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо-

МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох мөнгө угаасан гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар гурван цаг гаруй хэлэлцэж, хэдхэн хормын өмнө танилцууллаа. Ингэхдээ МИАТ ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бусад зүйл ангиар, тодруулбал, байгууллагын мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн байна. Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүллээ. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өнөөдөр 08.30 цагт эхэлсэн шүүх хуралд дээрх нэр бүхий зургаан хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр 18 өмгөөлөгч ажилласан бөгөөд шүүх хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Нямжав даргалан явууллаа.

Сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байсан билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж