
Зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар шингэн сүүний үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 22.6 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 14.3 хувиар буурсан гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн газраас гаргажээ. Үнэхээр ч гадуур зарж байгаа шингэн сүүний үнэ 800-900 төгрөг болон буурсан байна. Одоогоор ааруул, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн гараагүй байгаа бөгөөд тараг 1100-1200 төгрөгөөр зарагдаж байна. Хөдөө аймгуудад малын сүүний үнэ 700-2000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Архангай аймагт 300 төгрөгөөр өсч, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 50-600 төгрөгөөр буурчээ. Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймагт малын сүү зарагдахгүй байна гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооныхон гаргажээ. Сүүний үнэ Завхан аймагт хамгийн өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Сэлэнгэ аймагт хямд буюу 700 төгрөг байна.
Д.Цээнэ