Өмнийн говьд илч гэрлээ түгээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Өмнийн говьд илч гэрлээ түгээж эхэллээ

Мандалговь
– Тавантолгой – Оюутолгой 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах
агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээн авлаа


Үндэсний эрчим хүчний барилга угсралтын 40 гаруй компанийн инженерүүд хамтран ажиллажээ

Шинэчлэлийн
Засгийн газраас бүс нутгийг тасралтгүй, найдвартай, чанартай цахилгаан
эрчим хүчээр хангах чиглэлээр 2013 онд томоохон зорилт тавьсны дагуу
Эрчим хүчний яамнаас аймгийн төвүүд болон сум суурин газруудад шинээр
эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд
станцуудыг барих, тэдгээрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгээд байна.
 
Мандалговь –
Тавантолгой – Оюутолгой 220кВ-ын хоёр хэлхээт 400км цахилгаан дамжуулах
агаарын шугам, 110 кВ-ын Чойр, Мандалговь дэд станцуудын өргөтгөл,
шинэчлэлт, шинээр баригдсан Тавантолгой, Оюутолгойндэд станцуудын
барилга угсралтын ажлыг хүлээн авах ажиллагаа 11 дүгээр сарын 11-нд
Өмнөговь аймагт болж тус аймгийн хүндэт иргэн Д.Баянтогтохын хэлснээр
“агаарын мөнгөн утас өмнийн говьд илч гэрлээ түгээж эхэллээ”.

Энэхүү
бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг “М-Си-Эс интернейшнл” ХХК
гүйцэтгэж Мандалговь – Тавантолгой  220кВ-ын хоёр хэлхээт 250км
цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын “Чойр” дэд станцын
Мандалговь 110кВ-ын гаргалгааны шинэчлэл, 110 кВ-ын “Мандалговь” дэд
станцын өргөтгөл, 110 кВ-ын Тавантолгой дэд станцыг шинээр барьж
байгуулсан бол 2012 оны 08 дугаар сараас Тавантолгой –Оюутолгой 220кВ-ын
хоёр хэлхээт 138км цахилгаан дамжуулах агаарын шугам, Оюутолгой дэд
станцыг шинээр барьж дуусгалаа.

Уг төсөл арга хэмжээний бүтээн
байгуулалтын ажлын хүрээнд дээрх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд
станцуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэнээс гадна Улаанбаатар –
Мандалговь – Тавантолгой – Оюутолгой 220кВ-ын хоёр хэлээт цахилгаан
дамжуулах агаарын шугам, дэд станцын томоохон зураг төслийг монгол
инженерүүд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.

Уг
ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Эрчим хүчний яамны Төрийн нарийн
бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс
Интернейшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монголын үндэсний эрчим хүчний
барилга угсралтын 40 гаруй аж ахуй нэгжүүд хамтран зураг төсөл, барилга
угсралтын ажлыг хамтран амжилттай дуусгасан нь төсөлд оролцсон үндэсний
инженерүүдэд монголчууд өөрсдөө богино хугацаанд нэгдсэн зохион
байгуулалтаар хэрхэн хийж бүтээж чаддагийг харуулсан бодит жишээ боллоо.
Өмнөд говийн бүсийг төвийн эрчим хүчний системтэй холбосноор бүс
нутгийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай, чанартай цахилгаан эрчим
хүчээр хангаад зогсохгүй уул уурхайн томоохон хэрэглэгчдийг цахилгаан
эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж чадлаа” гээд төслийн гүйцэтгэгч
компанудын инженерүүдийг эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажилд
манлайлан ажиллаж  байхыг хүсэн ерөөв.  

Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг төрийн өмчид хүлээлгэн өгөв


Оюу
Толгой уурхайгаас Ханбогд сумын хооронд 40 км урт, 35 кВ-ын хоёр
хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын туршилт,
тохиргооны ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
Ханбогд суманд  мөн өдөр болов.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар
барьж байгуулсан цахилгааны шугам, дэд станцын барилга байгууламжийн
өмчлөх эрхийг “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-д шилжүүлж, тус
байгууллагатай хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурсан юм.

Эрчим
хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт энэ үеэр хэлсэн
үгэндээ “Ханбогд сумын хэрэглээ нь 35 кВ бөгөөд хүн ам нь тасралтгүй
өсөн нэмэгдэж байгаа сум. Ханбогд сумыг цахилгаан эрчим хүчээр хангах
санаачилга гарган бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийсэнд Эрчим
хүчний сайдын болон Эрчим хүчний яамны удирдлагуудын нэрийн өмнөөс Оюу
Толгой ХХК-д талархал илэрхийлж байна. Шинээр ашиглалтад хүлээн авсан
цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг эрчим хүчний системийн
хувьд оновчтой, ашиглалтын үйл ажиллагааг аюулгүй, хариуцлагатай явуулж
улмаар цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг найдвартай, тогтвортой,
чанартай эрчим хүчээр хангаж ажиллахыг  “Цахилгаан дамжуулах үндэсний
сүлжээ” ТӨХК-д үүрэг болгож байна” гэсэн юм.

Өмнийн
говьд уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр энэ бүс нутагт хүн амын тоо
өсч, зах зээл тэлсээр байна. Эрчим хүчийг дагаж хөгжил гэдэгчлэн жижиг,
дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амьдралынхаа ая тухыг
сайжруулах боломж гарч буйд өмнөговьчууд сэтгэл өндөр байна.

Эрчим
хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, цахилгаан дамжуулах
агаарын шугамд холбогдоогүй үлдсэн сумдыг 2014 он гэхэд бүрэн
холбосноор Монгол улсын хэмжээнд бүх сумд төвийн эрчим хүчний системээс 
байнгын эрчим хүчээр хангагдах юм.

Эх сурвалж: http://energy.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж