Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын 2014 оны төсөвт долларын монгол төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон. Долларын ханш энэ хэмжээнд очно гэдэгт итгэж байгаа гишүүн байна уу, байхгүй шүү дээ. Монголбанк энэ хэмжээнд байлгаж чадах уу. Хоёрт, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хууль зөрчиж байгаа тул ирэх онд үргэлжлүүлэх нь дахин хууль зөрчсөн үйлдэл болно. Үүнд ажлын хэсэг ямар байр суурь барьж байна вэ” гэлээ.
Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа юм. Тэрээр “Валютын ханшны ирэх жилийн төсөөллийн талаар төрийн институци өөр, өөр байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн байр суурь бол Монголбанкинд олон жил валютын ханшийн төсөөллийг хийдэг бүтэц бий, 2013 онд ам.долларыг 1450-иар тооцож байсан. Төсвийн төсөлд ам.долларыг 1384-өөр тооцсон нь үнэхээр хариуцлагагүй явдал, ийм байдлаар төсвөө явуулж байгаа. Цаашид Монголбанк, Засгийн газар валютын ханшийн талаар ард иргэд болоод УИХ-ын гишүүдийн төөрөгдүүлж болохгүй, энэ тухай тодорхой зааж өгөх ёстой гэлээ. Харин “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр бол хууль зөрчөөгүй, улстөржүүлж болохгүй гэсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд ам.долларын ханшийг 2014 оны төсвийн төсөлд 1384-өөр тооцсоныг гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр засах ёстой гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тайлбараар бол төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр долларын ханшийг өөрчлөх нь хууль зөрчсөн үйлдэл болох аж.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.