
БНН-ын дарга Б.Жаргалсайханы туйлын хүслэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нарыг парламентаас явуулах аж. УИХ-д олонтаа сонгогдсон дээрх гишүүдийн оюун санаа Хүннүгийн үеийн чулуу шиг чулуужсан болохоор тэтгэвэртээ сууж байх нь зөв. Гэвч улстөрөөс хөндийрөх бодолгүй байгаа учраас дэлхий дахинд хэвшсэн жишгийг дагуулж тэднийг Элчин сайдаар гадаад орнууд руу явуулчих нь хамгийн зөв арга аж. Тиймээс Б.Жаргалсайхан дарга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Африк руу, Д.Лүндээжанцанг Аляск руу, Р.Гончигдорж гишүүнийг Араб руу Элчин сайдаар томилоход нутаг орон нь их тохирно гэсэн гаргалгаа гаргаад байна.
ETV телевизэд өгсөн ярилцлагадаа тэр мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол дахиж намын нэрээр болон тойрогт өрсөлдөхгүй байх хязгаарыг тавьж өгөх ёстой гэх заалт тусгах нь тун чухал гэж үзээд байна.
Б.Жаргалсайхан даргын хувьд 2004 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж парламентын гишүүнээр сонгогдож байлаа. Энэ үедээ Үйлдвэр худалдааны сайдын алба давхар хашин улстөрд гялалзаж байв. Гэвч 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш өвдөг шороодсоор яваа билээ.
Г.ШАРХҮҮ