Ц.Энхтүвшин Түркийн дотоод хэргийн сайдтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Ц.Энхтүвшин Түркийн дотоод хэргийн сайдтай уулзлаа

Бүгд Найрамдах Түрк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2013 оны 11 дүгээр сарын 12-нд БНТүрк Улсын Дотоод хэргийн сайд Муаммер Гүлертэй уулзаж, хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Түркийн Ерөнхий сайд Р.Т. Эрдоаны 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНТүрк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хоёр улсын хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болсныг Ц.Энхтүвшин онцлон тэмдэглэв. Мөн Монголын цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, хувцас, хэрэглэлээр хангахад туслалцаа үзүүлж байгаад талархаж буйгаа сайд М.Гүлерт илэрхийлэв.

Хоёр улсын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын тавцанд, түүний дотор НҮБ, НАТО-гийн хүрээнд болон энхийг сахиулах олон улсын хүчинд оролцоход харилцан бие биенээ дэмжин ажиллах талаар санал нэгтэй байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2013 оны 10 дугаар сард БНТУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр Монгол, Туркийн худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг Ц.Энхтүвшин онцлон тэмдэглэв.

Сайд М.Гүлер Монгол Улс БНТУ-ыг өөрийн гуравдагч хөршөөр зарлаж, иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаад талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах болно гэж мэдэгдэв.

Уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг байлцаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж