Ц.Энхтүвшин Түрк улсад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Ц.Энхтүвшин Түрк улсад айлчилж байна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 дүгээр сарын 12-нд БНТүрк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммер Түркер-тэй уулзаж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын эхэнд хоёр тал өөрийн улсын ҮАБЗ-ийн бүтэц, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, 2011 онд гарын үсэг зурсан хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцэв. Хоёр улсын ҮАБЗ-ийн ажлын албад харилцан мэдээлэл солилцох, олон улсын тавцанд бие биенээ дэмжих, аюулгүй байдлыг хангах үүрэг, чиглэл бүхий байгууллагуудын хэлхээ холбоог дэмжиж ажиллах талаар тохиролцов.

БНТүрк Улсын Ерөнхий сайд Р.Т. Эрдоаны 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНТүрк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх нөхцлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болсныг талууд онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Туркийн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга замын талаар ярилцав. Уулзалтад Түркийн ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хошууч генерал Ш.Алпаслан, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг нар оролцов.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин мөн өдөр БНТУ-ын Гадаад хэргийн дэд сайд Нажи Кору-тай уулзан ярилцаж, Монгол, Туркийн түүхэн уламжлалт, найрсаг дотно харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд Монгол Улс БНТУ-ыг гуравдагч хөршөө хэмээн үздэгийг цохон тэмдэглэв. Зөвхөн 2013 онд БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан Монгол Улсад, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНТУ-д тус тус айлчилж, Монгол, Түркийн худалдаа, эдийн засгийн хамтарсан хорооны 7 дугаар хуралдаан Анкара хотод амжилттай болсон нь хоёр улсын харилцаа улам идэхжиж буйн нотолгоо болохыг талууд онцлон тэмдэглэв.

БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Муаммер Түркер Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн зоог барив.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн айлчлал үргэлжилж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж