Таван одтой буудалд хүүхэд осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Таван одтой буудалд хүүхэд осолджээ

Тэрэлжийн таван одтой зочид буудалд очиж үзээгүй хүн Монголд олон. Энгийн иргэд очиж хоноглох нь битгий хэл үүдээр нь шагайх боломжгүй энэхүү тансаг зэрэглэлийн гэх  зочид буудалд Монголын толгой баячууд амралт зугаалга хийж, алжаал ядаргаагаа тайлдаг болсон бөгөөд  “Гацуурт” компанийн Л.Чинбатын эзэмшлийнх гэдгийг бол мэдэхгүй хүн ховорхон болов уу. Л.Чинбат дэлхийн баячуудад онгоцоор үйлчилнэ гэж ирээд л гайхуулж байсан нь саяхан. Одоогоор тус зочид буудал нь “Гацуурт”-ын Л.Чинбатын охин Ч.Номингийн “Тэрэлж сүйх” компанийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин саяхан “Монгол бахархал”-ын өдрийн өмнөхөн буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр уг зочид буудлын бассейнд гурван настай хүүхэд амиа алдсан харамсалтай  хэрэг гарчээ.

Дэлхийн стандартыг бүрэн хангасан хэмээн сурталчилж, бараг л хоногийн нэг сая төгрөгөөр үйлчилдэг хэрнээ  Л.Чинбатын таван одтой зочид буудалд наад захын аврах хантааз, багаж хэрэгсэл бэлэн биш байжээ. Дэлхийн стандартсаад ч байх юмгүй захын буудалд бассейнтай л бол аврагч, эмч ажиллаж байх ёстой. Хэрэвзээ аврагч ажиллаж байсан бол ядахнаа ганц аврах хантааз хананд өлгөөстэй биш шаардлагатай газраа байсан бол гурван настай хүүхэд аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй.

Хэнд ч тохиолдож болох энэ эмгэнэлт явдлын талаар дурдахаасаа илүү өдөртөө хэдэн саяын ашиг олдог тус компани таван одтой тансаг зэрэглэлийнхээ зочид буудалд ганц аврагч ажиллуулж яагаад болоогүй юм бэ гэсэн асуултыг тавимаар байна. Аврагчийн сарын цалин 800 мянга гэвэл нэг нөхрийн ганц өдөр хонох мөнгө биш гэж үү. Усанд осолдсон хүүхдэд наад захын эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх ч боломжгүй, бассейныг нь хариуцдаг охин айгаад гарч зугтаагаад байсныг харсан хүмүүс шогширч байна.  Хаа байсан Тэрэлжид эмчгүй буудалд ямар нэг юм болбол яах ч аргагүй юм байна гэдгийг энэ буудлын үйлчлүүлэгчид эрхбиш анхаарах хэрэгтэй юм байна. Хэдийгээр энэ эмгэнэлтэй хэрэгт дан ганцаар буудал буруугүй ч мэнд эсэхийг нь ч мэдэж чадахгүй тэврээд хот хүртэл өөрсдөө давхисан гэх ар гэрийнхэн нь өрөвдөлтэй. Энэ таван одтой буудал тансаг зэрэглэлийн гэж өөрсдийгөө хөөргөж, өнгө, мөнгөтэй хүмүүсийн өврийг суйлахаас гадна аюулгүй байдалд нь анхаарал тавьдаг болоосой. Хамгийн зэвүүтэй нь тэд өөрсдийн алдааг хүлээхгүй амь алдсан хүүхдийн аав ээжийг буруутгаж байгаа гэнэ. Үнэндээ үрээ алдсан хөөрхий тэдэнд гай тохиолдсон ч  амрагчдынхаа тав тух, аюулгүй байдлыг хангах нь тус зочид буудлынхны хүлээсэн үүрэг. Өндөр үнэтэй үйлчилгээ авч байгаагийнхаа хариуд үйлчүүлэгч тэднээс өндөр үүрэг, хариуцлага нэхэх эрхтэй.

Яг үнэндээ бол эх орны баялаг алт ухаж, зарж гэдсээ хагартал баяжсан хэдхэн хүний нэг Л.Чинбат. Ухсан алтаа шингээх гэж тансаг зэрэглэлийн буудал барьж охиндоо бэлэглэсэн нь хайнга тааруу үйлчилгээнээсээ болж хүүхдийн аминд хүрэхэд нөлөөлөв. Тэгэхээр хараал хүрсэн тэр бассейнаа эвдэлж, дахин барих хүртэл нь тэр буудал руу зүглэх хүн байхгүй биз.

Тус зочид буудалтай холбоотой энэ асуудал анхных биш бөгөөд өнгөрсөн Цагаан сараар амрагчдынхаа бохирыг Туулын усанд асгаж байсан явдал гарсныг тэнд ажиллаж байсан хүмүүс ярилцах нь бий.

Г.ТУУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж