Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хуралд МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүнийг нийт 18 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж, хурлыг Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Нямжав даргалж байгаа юм. Энэхүү хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Нийслэлийн шүүхээс хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан билээ.
Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноогоод байгаа билээ.