Б.Ариунбаяр: Даамчид түүхэн амжилтыг тогтоосон

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Б.Ариунбаяр: Даамчид түүхэн амжилтыг тогтоосон

Манай оронд сүүлийн жилүүдэд оюуны спортын гол төрлийн нэг болох 100 буудалт даам эрчимтэй хөгжиж, сонирхон хичээллэгсдийн тоо олноор нэмэгдэхийн зэрэгцээ тамирчид тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлж байна. Тухайлбал, 2013 оны өндөр зэрэглэлийн тэмцээнээс Монгол улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ОХУ-ын Уфа хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 12-т шалгарч, даамын спортын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Мөн Узбекстаны Ташкент хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Баттулга, Э.Мандахнаран нар тэргүүлж, “олон улсын их мастер” цолыг хүртсэн. Улаанбаатар хотноо болсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд оролцсон спортын дэд мастер М.Одгэрэл домогт Зоя Голубеваг хожсон. Мөн энэ сард өсвөрийн ДАШТ-нээс Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хамгийн залуу медальтан боллоо.

Ингээд Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариунбаяртай ярилцлаа.

-Өнгөрөгч тавдугаар сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар яриагаа эхэле?

-Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон. Сүүлийн жилүүдэд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг явагддаг болсон. Тиймээс 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 72 медалиас 46-г хүртэж, багаараа тэргүүлсэн байгаа. Тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай болсон. Тухайлбал, дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран, Д.Баттулга нар их мастерийн болзол хангасан юм. Өсвөрийн тамирчид маань энэ тэмцээнд маш амжилттай оролцсон.


-Ази тивд анх удаа 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ боллоо. Тэр дундаа энэхүү тэмцээн Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

– Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Пума империал” зочид буудалтай хамтран аравдугаар сарын 2-15-ны өдрүүдэд эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн ДАШТ-нийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Дэлхийн даамын холбооны (FMJD) дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд зохиогддог. 2012 онд Франц улсад болсон Дэлхийн даамын холбооны Ерөнхий ассемблейгаар Польш, Эстони улсуудтай Монгол улс өрсөлдөж, 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрхийг авсан. Стандарт төрлөөс гадна блиц (5 минут) болон рапид (15 минут) төрлийн дэлхийн аваргууд тодорсон байгаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Латвийн Рима Данилевичене, туслах шүүгчээр БНХАУ, Украйн, Монгол улсын шүүгч нар ажилласан. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен тэмцээний сүүлийн өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Тэмцээн олон хоног болж, үйл явцыг онлайнаар ажиглаж байсан тэрбээр Ази тивд анх удаа болж буй тус тэмцээнийг өндрөөр үнэлсэн. Харри Оттен Монгол улсад саатах хугацаандаа Баянзүрх дүүргийн “Шавь” клубийн үйл явц танилцсан. Энэхүү тэмцээн эмэгтэйчүүдийн ДАШТ Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог болсон. Харин 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болно.


Стандарт төрлийн 38 дахь удаагийн ДАШТ-ний медальтнууд, шүүгчийн хамт тэмцээний үеэр, Улаанбаатар хот, 2013 оны аравдугаар сарын 13

-38 дахь удаагийн ДАШТ-нд спортын дэд мастер М.Одгэрэл домогт их мастерийг хожсон гээд үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө шүү дээ?

-Тэмцээний эхний өдрүүдэд блиц болон түргэн тоглолтын дэлхийн аваргын медальтнууд тодорсон. Үндсэн төрөлд арван орны 16 тамирчин швейцарь системээр өрсөлдөж, Латвийн Зоя Голубева 13 дахь түрүүгээ хүртсэн бол дэлхийн дөрвөн удаагийн аварга Украйны Дарья Ткаченко, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Энд тэмцээний 13 дахь өргийг онцлох хэрэгтэй байна. Тус тэмцээний хамгийн залуу оролцогч спортын дэд мастер М.Одгэрэл домогт Зоя Голубеватай тоглож, хожсон өрөг тэмцээний гол үйл явдлаар тодорсон. Беларуст төрж, Латвийн иргэн болсон Зоя Голубева дэлхийн аваргад 12 удаа түрүүлээд байсан. Мөн тэрбээр эрэгтэйчүүдийн их мастер цолтой цорын ганц эмэгтэй тамирчин юм. Түүний хувьд сүүлийн арваад жил эмэгтэй тамирчиддаа хожигдоогүй явсан болохоор М.Одгэрэлд хожигдсон өрөг түүнд хэзээ ч мартагдахааргүй өрөг болж үлдсэн. Тус тэмцээнд зохион байгуулагч орны давуу эрхийн хувьд Монголын гурван тамирчин оролцож, тивийн аварга, их мастер Э.Мандахнаран хоёр хожил, тивийн аварга М.Нямжаргал, тивийн өсвөрийн аваргын мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нар тус бүр нэг хожил авсан байгаа.

– Эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн ДАШТ-ний шигшээд их мастер Д.Эрдэнэбилэг шалгарсан амжилтыг үзүүллээ.

-ОХУ-ын Уфа хотноо өнгөрөгч зургаадугаар сард 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн ДАШТ болсон. Тус тэмцээнд 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс сүүлийн өрөгт шилдэг 12 даамчин үлдэж, дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн. Тэмцээнд Монгол улсын арав, Азийн дөрвөн удаагийн аварга их мастер Д.Эрдэнэбилэг, энэ оны тивийн аварга, улсын аварга их мастер Г.Ганжаргал нар оролцсон. Д.Эрдэнэбилэг “В” хэсэгт гурван хожил, таван тэнцээ авснаар хэсэгтээ гуравдугаар байраар шалгарч, шигшээ тэмцээнд оролцсон. Тэрбээр хэсгийн сүүлийн өргөө тэмцээний цорын ганц эмэгтэй оролцогч, Улаанбаатар хотноо 13 дахь дэлхийн аваргын түрүүгээ авсан Олон улсын их мастер Латвийн Зоя Голубеватой тоглож тэнцсэнээр хэсгийн гуравдугаар байраа хадгалж, шигшээд шалгарсан юм. Хэсэг тус бүрээс эхний гурван байраар шалгарсан даамчид дэлхийн аварга цолны төлөө өрсөлдсөн. Харин Г.Нямжаргалын хувьд “А” хэсэгт зургаадугаар байрт шалгарч, бага дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн байгаа.

-Энэ сард 100 буудалт даамын охидын дэлхийн аваргын мөнгөн медальтан төрлөө. Энэхүү амжилт оюуны спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн медальтан болж бичигдлээ шүү дээ?

– Тиймээ,  Г.Дүүрэнбилэгийн амжилт үнэхээр том амжилт. 100 буудалт даамын өсвөрийн (8-10, 11-13 нас) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгэр сарын 3-ны өдрүүдэд Беларус улсын Орша хотод болж өнгөрсөн. Тэмцээнд ОХУ, Латви, Голланд, Монгол, БНХАУ, Казахстан зэрэг 13 улсын 103 тамирчин өрсөлдсөн. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Мөнхбаатар, Р.Нармандахын удирдлагад арван хүүхэд оролцсоноос охидын 8-10 насанд Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртлээ. Г.Дүүрэнбилэгийн насанд 22 тамирчин оролцож, есөн тойрог тоглосноос 12 оноогоор мөнгөн медалийн эзэн болсон бол алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрлийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн. Энэ насанд хүрэл медаль хүртсэн Алима Кассимын хувьд Баян-Өлгий аймагт амьдарч байгаад Казахстаныг зорьсон юм билээ. Мөн энэ дэлхийн аваргад 8-10 насны хөвгүүдийн ангилалд С.Мөнх-Оргил VI байр, 11-13 насны охидын ангилалд Г.Хэрлэнмөрөн VIII байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн. Өнгөрсөн жил Беларуст болсон охид, хөвгүүдийн дэлхийн аваргад есөн тамирчин оролцоход IX байрт шалгарсан амжилтыг үзүүлж байсан бол энэ жил амжилтаа улам ахиулж, охидын өсвөрийн дэлхийн медальтан төрлөө.



-Манай улсын хувьд урьд нь өсвөрийн ДАШТ-нийг хоёр удаа зохион байгуулж байсан туршлагатай. Тиймээс сүүлийн жилүүдэд өсвөрийн тамирчдын амжилт ази болон дэлхийд гарч буйг Г.Дүүрэнбилэгийн амжилтаас харж болох нээ.

– Өсвөрийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд эрс дээшилсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн бол өдгөө дэлхийн аваргад хүчтэй өрсөлдөгч болж байна. 100 буудалт даамын өсвөрийн ДАШТ анх 1988 онд Франц улсад зохиогдож байсан түүхтэй. Манай улсад 2006 онд охид, хөвгүүдийн ДАШТ, 2011 онд 16 хүртэлх насны охид, хөвгүүдийн ДАШТ-нийг зохион байгуулж байсан. Мөн энэ жил эмэгтэйчүүдийн ДАШТ-нийг зохион байгууллаа. Оюуны спорт Европ тивд өндөр хөгжсөн ч сүүлийн жилүүдэд Ази тивд асар хурдтай хөгжиж байгаа. Монголын тамирчид Азид төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсныг дээрх тэмцээнүүд харуулсан.

-Оноос өмнө дотоодын болон олон улсын ямар тэмцээн уралдаан байгаа вэ?

– Оноос өмнө дотоодын уралдаан тэмцээн байхгүй. Харин ирэх сард залуучуудын болон насанд хүрэгчдийн блицийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцоно. Залуучуудын ДАШТ ирэх сарын 21-29-ны өдрүүдэд Франц улсад болох бөгөөд тус тэмцээнд дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийгээд байна. Насанд хүрэгчдийн блицийн /5 минут/ ДАШТ-нд улс бүрээс эмэгтэй, эрэгтэй тус бүр гурван тамирчин оролцох бөгөөд тамирчдын нэрс хараахан тодроогүй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж