Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.865.0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.251.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 410.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.246.1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 1.289.3 тэрбум төгрөгөөр тооцож, сангийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 43.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөвлөсөн бол Хүний хөгжил санд 549.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвлөж, зарлагыг 312.1 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.
Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн 2013 оны төсвийн тодотголоор 2014 оны төсөвт тусгахаар хойшлуулсан 144 төсөл, арга хэмжээний санхүүжих эрхийг түр зогсоож, төсөвт өртөг болон 2014 онд санхүүжих дүнг “О” дүнтэй болгож өөрчлөн эдгээр арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгааныг нягтлан шалгаж тогтоох. Мөн УИХ-аас үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргах хүртэл санхүүжилтийн эх үүсвэрийг нь зогсоож, 2014 онд санхүүжих 139394,8 сая төгрөгийг Сангийн сайдын багцад байршуулах, мөн 2013 оны төсвийн тодотголоор хасагдаад 2014 оны төсвийн төсөлд тусгагдаагүй 96 төсөл, арга хэмжээний төсөвт өртөгийг төсөлд “О” дүнтэйгээр нэмж тусгахаар санал гаргасан нь Төсвийн байнгын хорооноос дэмжлэг хүлээсэн байв.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсаны дараа УИХ дахь намын бүлгүүд санал, дүгнэлтээ танилцуулсан юм. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нэгдсэн төсвийн зардалд төрийн захиргааны байгууллагын тавилга, эд хогшил, компьютер, конторын тоног төхөөрөмж, автомашин худалдан авахад 27.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн нь оновчтой бус байна. Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор санхүүжилтийн дүн буурсан болон хасагдсан, 2012-2013 онд гэрээ байгуулан хэрэгжиж байгаа зам, гүүрийн барилгын ажлуудын санхүүжилтийн эх үүсвэр 2014 онд төсвийн төсөлд тодорхой тусгагдаагүй байгаад Засгийн газар анхаарах ёстой” гэсэн юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Шинэчлэлийн Засгийн газар нэг жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүллээ. Засгийн газар их хэмжээний хөрөнгийг ашиглах ямар ч тооцоо судалгаа, бэлэн төсөлгүйгээр олон улсын санхүүгийн зах зээл дээр 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгож зарцуулалтыг Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулж, төлбөрт жил бүр 30 сургууль, 50 цэцэрлэг барих хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэх нөхцөл бүрдүүллээ. Энэхүү гаргасан бондын хөрөнгөө гүйцэд зарцуулж чадаагүй, олон тэрбум төгрөгийн хүү төлсөөр байж дахин 2,1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоод зах зээлд 1,4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөсөн нь улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж Монгол Улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамт үлдээх бодит нөхцөл бүрэлдээд байна. Засгийн газар дээрх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т өөрчлөлт оруулах төсөл”-ийг буруушааж байна. Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн 2 жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү өсөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжууд буурч эдийн засаг, бизнесийн тодорхой бус байдлыг бий болгоно” гэлээ. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг “Төсвийн хөрөнгийн орлогыг болон хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үр ашгийг нарийвчлан тооцож төлөвлөх замаар төсвийн орлогын бүтцийг сайжруулах, өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хавтгайруулсан бодлогод шинэчлэл хийж, нийгмийн халамж, үйлчилгээ шаардсан зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэх. Улсын хил орчмын болон төвөөс алслагдсан сумдын хөгжлийг дэмжин Улаанбаатараас хөдөө орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжилтийг урамшууллын бодлогоор шийдвэрлэх. Орон нутагт нэмүү өртөг шингэсэн байгаль, экологид аюулгүй боловсруулах үйлдвэр байгуулж иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй” гэсэн юм.
Үүний дараа Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 100 гаруй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайдын багцаас 69.2 сая төгрөгийг Хууль зүйн сайдын багцад шилжүүлэх санал гишүүдийн 81.1 хувийн саналаар дэмжигдсэн бол УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах нийт зардлыг дөрвөн тэрбум 320 сая төгрөгөөр нэмэгдүүлэх тухай, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг их, дээд сургуулийн оюутнуудын нэгэн адил нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулдаг болгох саналын хүрээнд түүнд шаардлагатай зардлыг 3.7 тэрбум төгрөгөөр тогтоон Хөдөлмөрийн сайдын багцад нэмж тусгах санал тус бүр гишүүдээс 70 гаруй хувийн дэмжлэг авч төсөлд суув. Мөн Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр засахад зориулж 1 тэрбум 250 сая төгрөг төсөвт суулгах тухай, Чингэлтэй дүүргийн 11 хороонд хүүхдийн цэцэрлэг барихад зориулж 1 тэрбум 325 сая төгрөг төсөвт суулгах тухай саналууд тус бүр гишүүдийн 87.7 хувийн саналаар дэмжлэг хүлээлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их засварт зориулж 630 сая төгрөг нэмэх, Ховд аймгийн Үенч суманд Соёлын төв барихад зориулж 700 сая төгрөг тусгах, Өмнөговь аймгийн Манлай сумын Соёлын төвийн төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөг, үүнээс 680 сая төгрөгийг 2014 оны төсөвт суулгах, Сонгинохайрхан дүүрэгт 700 суудалтай спорт цогцолбор барихад зориулж 1 тэрбум 80 сая төгрөг тусгах, Төв аймгийн Зуунмод суманд 800 хүний суудалтай Хөгжимт драмын театрын барилгад зориулж 3.2 тэрбум төгрөг тусгах зэрэг санал гишүүдийн 80 гаруй хувийн дэмжлэг хүлээж, төсөвт суулаа.
Мөн хуралдаанаар Төсөв батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын лсын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзээд, үдээс өмнөх хуралдаанаа завсарлуулсан юм.