Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ арваннэгдүгээр сарын 16-ны бямба гаригт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Нэргүй нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Урьд өмнө болж байгаагүй үндэсний хэмжээний уг уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид оролцохоос гадна дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулахаар болоод байгаа юм. Үндэсний зөвлөлдөх уулзалтын нээлт, хаалтыг орон даяар шууд дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхээр болоод байна. Энэ үеэр таван салбар хуралдаан хуралдана.
Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар, Эрдэмтэн судлаачдын төлөөллийн салбар хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУИС-ийн ректор А.Галтбаяр нар, Хэвлэл, мэдээллийн төлөөлөл оролцох салбар хуралдааныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэг, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар тус тус хөтлөн явуулахаар болжээ. Салбар хуралдаануудаас санал зөвлөмж гаргах бөгөөд эдгээрийг нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвлөлдөх уулзалтын талаар мэдээлэхдээ “Үндэсний зөвлөлдөх уулзалтаас Монгол Улсын хөгжлийн ойрын ирээдүйн замын зургийг гаргах үндэс суурь тавигдана. Уулзалтын үеэр цахим шуудан, хот мейл, сошиал медиагаар дамжуулан иргэд оролцож санал бодлоо илэрхийлэх боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш үүссэн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх судалгаан дээр ажилласан. Ард иргэд, эрдэмтдийн үгийг сонссон. Судалгаан дээр суурилж цааш явах замын зургийг тодруулах зөвлөлдөх уулзалт хийх гэж байна” гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын талаар танилцууллаа. Уг уулзалтад 800 орчим төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 90 нь хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл юм. Уулзалтыг нээж 14.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа салбар хуралдаанууд болж 16.40 цаг хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн хуралдаан 17.00 цагт эхэлж салбар хуралдаанаас гарсан зөвлөмжүүдтэй танилцана. Үүний дараа зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч хааж үг хэлэхээр болжээ. Төлөөлөгчдөөс гарсан саналыг авах электрон төхөөрөмж ажиллуулахаар болсон байна.