Аюултай хаягдлын импорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Аюултай хаягдлын импорт нэмэгджээ

Аюултай хог хаяг­­далд тоо­цогддог учир хуучин дугуйны импортыг зарим улс хориглосон байдаг. Гэвч манай улс дотооддоо автомашины дугуй үйлдвэрлэх боломжгүй учир үйлдвэрлэсэн улсдаа хэдийнэ ашиглагдахаа больж, хог болчихсон хуучин дугуйг импортолдог билээ. Харамсалтай нь үүнээс болж дугуйны хаягдал асар ихээрээ үйлдвэрлэгдэж байгаа нь бидний эрүүл мэнд болоод байгаль орчинд заналхийлсээр байна. Тиймээс хуучин дугуйны импортыг багасгаж, шинэ дугуйны үнийг хямдруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ямар гарц боломж байгааг цувралаар нийтэлж байгаа билээ. “Цалин хөлс бага, амжиргааны төвшин доогуур учир аль хямдханыг нь л сонгоно. Тэртэй тэргүй шинийг нь авч дийлэхгүй юм чинь өөр яах болж байна” гэж эсрэг санал хэлэх хүн цөөнгүй байна. Тиймээс хуучин, шинэ дугуйны үнийн ялгаа болон импортын мэдээллийг энэ удаад бэлтгэлээ.
 

ХУУЧИН ДУГУЙГ ГААЛЬ ДЭЭР 9-14 АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛДЭГ

 
Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад хуучин дугуйны импорт энэ онд шинээсээ тав дахин их байжээ. Дэлгэрэнгүй тоо баримтыг цонх хэсгээс уншаарай. Автомашины дугуйны импортод шинэ, хуучин хамаагүй татвар ногдуулдаг. Тодруулбал, импортын гаалийн албан татвар таван хувь, НӨАТ 10 хувь нийтдээ 15 хувийн татвар ногдуулдаг байна. Гэтэл хуучин дугуйны импорт тав дахин их байгаа хэрнээ улсын төсөвт тав дахин бага татварыг төвлөрүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, олон улсад аюултай хаягдал хэмээн хориглож байгаа бүтээгдэхүүн хэтэрхий олон ширхгээр орж ирж байгаа хэрнээ маш хямдханаар үнэлэгддэг гэсэн үг. Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар байдаг гэнэ. Солонгос, Япон улсаас нийт хуучин дугуйны 80 орчим хувийг импортолдог гэлээ.

 

ШИНЭ ДУГУЙНЫ ҮНЭ 50 МЯНГААР ИЛҮҮ БАЙНА

 
Манай жолооч нар хуучин дугуйг сонгох үндсэн шалтгаан нь үнэ билээ. Тиймээс үнийн ялгааг сурвалжлахаар “Өгөөмөр” захыг зорьсон юм. Өвлийн улирал эхэлж байгаа болохоор дугуйны наймаа ид оволзож байлаа. Тус захад дугуй худалддаг лангуу маш олон. Харин шинэ дугуй зардаг нь цөөхөн харагдав. Дугуйны нэр төрөл мөн олон. Суудлын, дунд оврын, том оврын, тэр дундаа хэмжээ, хээний төрөл гээд маш олон янз байна. Ерөнхийд нь үзвэл суудлын автомашины өвлийн хуучин дугуйны үнэ 50-70 мянган төгрөгийн хооронд байлаа. Монголчуудын өргөнөөр хэрэглэх болсон “Приус” маркийн машины дугуй хамгийн боломжийн үнэтэй буюу 45-55 мянган төгрөг гэнэ. Харин жийп гэх мэт том оврын машиных 150 мянга буюу түүнээс дээш үнэтэй байх аж. Монголд импортоор орж ирж байгаа дугуйнуудыг ерөнхийд нь 50, 70 хувийн ашиглалттай гэж ангилдаг байна. Бизнесийнх нь талаар мэдээлэл авчих санаатай хэд хэдэн наймаачдыг хоргоосон ч үүнээс илүүг хэлсэнгүй. Харин нэрээ нууцлахыг хүссэн худалдагч ингэж ярьсан юм. “Ер нь хүмүүс шинэ дугуйг барагтай бол авахгүй шүү дээ. Үнэтэй юм чинь яаж авах юм. Хуучин ч гэсэн гамтай хэрэглэвэл шинээсээ дутахгүй. Би Солонгосоос дугуй зөөдөг. Ер нь Солонгос, Японд суудлын тэрэгний хуучин дугуй их хямдхан байдаг, зарим нь үнэгүй ч олдоно. Нарийн тоог нь хэлээд яахав. Солонгост бол цэцэгнээс ч гайгүй шиг дугуйнууд гарчихдаг юм. Ашигтай бизнес учраас л ингэж явна шүү дээ” гэв. Заримдаа том дотор нь жижгүүдийг нь хийгээд нэг ширхэгээр тоолуулан татвар төлдөг тухай ч нууц задлав. Харин шинэ дугуйны үнийн хувьд суудлынх 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Том оврынх нь 300 мянган төгрөгөөс эхэлж байна. Нийслэлчүүдийн голчлон хэрэглэдэг суудлын машины дугуйны шинэ хуучны ялгаа 50 мянган төгрөг л юм байна. Хэрэв гаалийн татварыг багасгавал үнэ нь хямдрах боломжтойг худалдаачид хэлнэ лээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Б.СОЛОНГО
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж