Мөн Засгийн газраас иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор ТҮЦ машинуудыг ажиллуулаад эхэлсэн. Бүх аймгуудад ТҮЦ машиныг хүргүүлж байгаа юм байна. Тиймээс аймгийн удирдлагууд ТҮЦ машины байрлалыг зөв сонгож, иргэд олноор цугладаг газар байрлуулах шаардлагатайг санууллаа. Аймгуудад дахин 2-3 машин нэмж өгөх бөгөөд оны дараагаас олгохоор төлөвлөжээ. Аймгийн удирдлагууд 2014 оны хийх ажлаа төлөвлөж, Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих төлөвлгөөгөө нарийвчлан, онцгой ач холбогдол өгөхүйц, заавал хийж гүйцэтгэх төлөвлөгөөг гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр ажилласнаас хойш нийт 16 дахь аймагтаа ажиллаад байгаа бөгөөд орон нутгийн иргэдтэй уулзаж байх хугацаанд жижиг, дунд зээл, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл, орон нутгийг хөгжүүлэх сангийн зээлүүдийг ил тод болгох, хэн ямар зээл авсан, эргэн төлөлт нь ямар байгаа талаархи мэдээллийг иргэдэд ил тод болгох шаардлагатай байгааг онцолсон.
Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг 15-ны дотор багтааж батлах ёстой. Тиймээс хуулийн дагуу аймгийн удирдлагууд 2014 оны төсвөө арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө иргэд болон холбогдох хүмүүсээр хэлэлцүүлэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ жил аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базааж, өвс, тэжээлийг хангалттай сайн бэлтгэсэн нь сайшаалтай зүйл гэлээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцож, яаралтай арга хэмжээг урьдчилан сэргийлж байхыг Ерөнхий сайд даалгасан юм.