МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нартай нээлттэй уулзалт ярилцлага хийх уриалга хүргүүлсний дагуу намуудын удирдлагуудын оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт “Улаанбаатар” зочид буудалд болж байна. Тус уулзалтаар улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллаж зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцахаар зар түгээсэн юм. Уулзалтад МАН, Монголын ногоон нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга нар ирцгээсэн бөгөөд зарим намуудын хувьд намын даргаа төлөөлөн ирэгсэд байв. Тодруулбал, энэ удаагийн уулзалтад 10 гаруй намуудын удирдлага ирж оролцлоо.
МАН-ын дарга уулзалтын эхэнд хурлаар хэлэлцэхийг санал болгож буй асуудлаа танилцуулсан бөгөөд Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэхийн тулд улс төрийн намуудын дунд үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Мөн үндэсний зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулиудын шинэчлэл, улс орны хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, олон улстай харилцах харилцаа, залуусын боловсрол хүмүүжлийн асуудлын талаар онцгойлон ярилцаж, алдаа дутагдлыг засч сайжруулах шаардлагатай гэв.
Үүний дараагаар хэлэлцүүлэгт оролцогч намын удирдлагууд саналаа хэлцгээсэн бөгөөд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Улсын их хурлын даргын дэргэд улс төрийн намын дарга нараас бүрэлдсэн зөвлөл байгуулж ажиллуулах, энэхүү бүтэц нь сар тутамд хуралдаж байх” гэсэн саналыг гаргав.
Мөн энэ хэлэлцүүлгийн гол зочдын нэг болох Монгол Үндэсний Ардчилсан намын дарга М.Энхсайхан “Үндэсний зөвшилцөл гэх нэрнээс эхлээд бид зөв буруугаа ярилцах хэрэгтэй байх. Дайн самуунтай, тарж бутарсан улсад үндэсний зөвшилцөл гэх үгийг ашиглацгаадаг. Манай улсын хувьд ийм айхтар нөхцөл байдал бий болоогүй байгаа. Гэхдээ оюун санааны хувьд тарж бутарсан зүйл байна. Энэ ширээний ард л гэхэд 16 намын нэр бичигдсэн байна. Гуравхан сая хүнтэй улс хэдэн мянган төрийн бус байгууллага, энэ олон нам, 30 гаруй шашин шүтлэг гэж тарсан байна. Үндэсний эрх ашиг гэх ойлголт бидэнд үнэндээ алга. Ганц жишээ хэлэхэд, парламентын нэг танхимтай байгаа нь хяналтгүй төр үүсэх, төрийн дээр нам гарах, үндэсний эрх ашгийг үгүй болгох нөхцөл болж байна. Бид ийнхүү хуралдах нь үр дүнд хүрэх ёстой. Өмнө нь хэд хэдэн удаа ингэж намын удирдлагуудын оролцсон хэлэлцүүлэг болж байсан ч тодорхой шийдэлгүйгээр өндөрлөж байсан шүү дээ” гэсэн байна.
Ийнхүү эхэлсэн хэлэлцүүлэг хаалттай горимд шилжсэн бөгөөд одоо үргэлжлэн хуралдсаар байна.