“Бид Төрийн дууллаа дуулмаар байна”

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

“Бид Төрийн дууллаа дуулмаар байна”

Тэд ингэж хүсчээ. Хүсэлтийг хятад хуягт уламжлан зөвшөөрөл авмагц 11 залуу команд авсан жагсаалын цэрэг адил эгнэн жагсч байгаад “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг дуулжээ. Дуулж дуусахад нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн зогссон тэдгээр залуус бол Өвөрмонголын Хөх хотын нэдүгээр хорих ангид ял эдэлж буй монголчууд юм. Тус шоронд бас таван монгол эмэгтэй бий. Нэг нь 11 залуугийн нэгийнх нь гэргий. Юуны учир хүний газар, гүний хошуунд ийн ял эдлэх болсныг яривал уртын урт түүх өгүүлэх хэрэгтэй болно. Алдаж эндэж, буруутгаж шийтгэгдсэн иргэдээ эх орон нь үгүйлэн санагалзаж, эргээд тойроод элгийг нь дэвтээгээд ирсэн нь хамгийн чухал билээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатарыг очиход монголчууд эх орондоо очихыг хамгаас хүсч байгаагаа илэрхийлжээ. “Нутагтаа очиж үлдсэн ялаа эдлэх юмсан. Эх орноо юу юунаас илүү санаж байна. Нутгийн минь шорон ч эх орны минь хэсэг шүү дээ” гэж тэд өгүүлжээ.

МОНГОЛЧУУД ЭВТЭЙ, БАС ДАЙЧИН, АЖИЛСАГ

Ийм тодорхойлолтыг ӨМӨЗО-ны Хөх хотын хорих ангийн дарга хэлжээ. Одоогийн байдлаар Хөх хотод нийтдээ 11 монгол залуу, таван эмэгтэй хоригдож байгаа. Тэдний дунд 15-25 жилийн ялтай, бүх насаараа хорих ял сонссон нь ч бий. Тэд хоорондоо эвсэг байхын дээр ялтнуудын дунд зарладаг уралдаан тэмцээнд ямагт тэргүүлж,  албадан хөдөлмөрт идэвхтэй оролцон, ялын хэмжээгээ 1,6-2,5 жилээр багасгасан хүмүүс ч бий гэнэ. Тиймээс тэднийг их дайчин, ажилсаг гэж тодорхойлоход хүрсэн гэнэ. Хятадын өмнөд нутагт 4-5 жил хоригдож, монгол хүний бараа харалгүй удсан хүмүүсийн хувьд Хөх хотын шоронд ирснээр халуун уур амьсгалаас ангижирч,  монголчуудтайгаа нэг өрөөнд орж, зовлон жаргалаа хуваалцах болсон байна. Ихэвчлэн 20-30 насны /40-өөс дээш настай дөрвөн хүн бий/ залуусын хамгийн олон жил хоригдож байгаа нь найман жил. 2007, 2008 оноос хойш хүний нутгийн шоронд суусан нь ч бий. Хятадын өмнөд нутагт хоригдож байхад байцаатай усан шөлөөр гол зогоож байсан бол Хөх хотод ирснээр сард хоёр удаа махан хоол, сүүтэй цай өгдөг болж, эргэлт уулзалтын хугацааг 30 минутаас нэг цаг болгон сунгажээ. Гэвч үр хүүхдээ аваад, өдий төдий зардал гарган очиж буй ар гэрийнхэн болон олон сар жилээр ахан дүүс, аав ээж, амраг ханьтайгаа уулзаагүй хоригдлуудын хувьд ч нэг цаг дэндүү богино учраас  хоногоор уулзуулдаг болгохыг хүсчээ. Энэхүү хүсэлтийг нь Монголын талаас холбогдох хүмүүст нь албан ёсоор дуулгасан байна.

Ял эдэлж буй монголчуудын нэг нь хүн амины хэрэг үйлдсэн бол нэлээд нь хар тамхи зөөвөрлөсөн, хилээр хууль бус бараа гаргахыг завдсан хэрэгт холбогджээ. Хар тамхи гэх гайг санаандгүй байдлаар зөөвөрлөж гэмт хэрэгтэн болсон нэг хэсэг байхад тав арван төгрөгт хууртан гэмтэн болсон нь бас бий. Хятад улсын хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэг, мэдээлэл хомсоос болж, гэмгүй гэмтэн болох тохиолдол байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга анхаарууллаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд автомашины аккумляторыг олон ширхгээр нь хил гаргаснаас болж, гурван монгол эмэгтэй шалгагдаж байна. Мөн буу, галт зэвсэг наймаалахыг оролдсоноос баригдсан нь ч бий гэнэ. Энэ бүгдийг онцгой анхаарч, цаашдаа  болгоомжтой байхыг хоригдлуудын зүгээс ч элэг нэгт монголчуудаасаа хүссэн байна. 

Хар тамхи хил гаалиар хууль бусаар зөөвөрлөсөн хэргээр долоон монгол хүн цаазын ял сонссон ч манай улсын холбогдох албанаас хүсэлт тавьсны хүчээр одоогийн байдлаар нэг ч монгол хүнийг эл ялаар шийтгээгүй байгаа юм. Хар тамхины хэргээр дээрх ял сонссон хүмүүс Хятадын хорих ангиудад ял эдэлж байгаа ажээ.

ОЮУТНУУДАД УРТ ХУГАЦААНЫ ВИЗ ОЛГОХЫГ ХҮСЛЭЭ

ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон тус улсын хойд үүд болсон Эрээн хотод Монгол Улсын 1800 гаруй гаруй иргэн түр хугацаагаар аж төрж, суралцаж байдаг. Түр хугацаагаар зорчигчдын хувьд визний асуудал гардаггүй ч суралцагчдын хувьд урт хугацааны виз олгохгүй байх, олгосон ч визний хугацаандаа эх орондоо ирсэн бол сар тутам визээ сунгуулах шаардлага тавих зэргээр хүндрэл учруулдаг ажээ. Тиймээс суралцагчдад урт 1-3 жилийн урт хугацааны виз олгох, гэр бүлтэй оюутнуудыг нийтийн байранд оруулдаг болгох зэрэг асуудлыг хөндөн тавьсан байна.

Хилээр гаалиар бараа зөөж буй их багтаамжийг автомашиныг нэвтрүүлэхдээ хятадын тал хойрго ханддаг. Тус улсын гаалийн хяналтын талбай нь улсын харъяаллынх бус хувийн эзэмшилд хамаардаг тул жолооч бүрээс эхний нэг хоногт 100 юань, удаах хоног тутамд 50 юанийн хураамж авч байгааг засч залруулан, түргэн шуурхай үйлчлэхийг Эрээн хотын орлогч дарга н.Саранчимэг болон цагдаа, хил гаалийн ажилтнуудтай уулзахдаа албан ёсоор хүсэлт тавьжээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж