Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Бид Вьетнамаас илүү

Засварчин Нараагийн “Бид Вьетнамаас илүү…” гэх ажлын байрны хаяг жиргээний ертөнцөд өчигдрийн онцлох зураг байлаа. Монголчуудын кузов засварын газруудын сэтгэлгүй, хариуцлагагүй, чадвар дутдаг нийтлэг дутагдал, үүнтэй холбоотойгоор гадаадынханд өндөр үнэ төлж ажил хийлгэдэг сэтгэлгээнд өөрчлөлт хийх гэсэн зөв хандлага гэдэг утгаар олон жиргээчид дэмжиж, бусадтайгаа хуваалцаж байлаа. Үнэхээр вьетнамчуудаас илүү байвал тэд монголчуудыгаа дэмжихэд бэлэн байгаагаа ч хэлцгээж байв.

Дээрх сэдэвтэй агуулгаараа холбогдох өөр нэгэн сэдэв жиргээчдийн дунд өрнөв. Тэр нь боловсролын тогтолцоо, салбарын шинэчлэлийн тухай. Тэр дундаа МУИС-ийн шинэчлэлийн асуудал байв. “Компаниудад ажиллах чадвартай хүн маш их дутагдаж байна. Боловсролынхонд тэр нь ямар ч падгүй шахам. Энэ бол тун том асуудал. Энэ олон муу дээд сургуулиуд хэнд ч бус, харин оюутан залууст их хортой. Том боломж, хугацааг нь үрнэ. Тиймд өөр сайн шийдэл яаралтай чухал” гэж  @enkhbat жиргэв. Мөн “МУИС-ийн 135 эрх дархтны 19 нь захирал, дарга 29, эрхлэгч 85 байна. “Зуун ямаанд жаран ухна гэдэгчлэн дөрвөн багш тутамд нэг дарга ноогддог гэнэ” гэж @shinee2016 –гийн жиргээг олон хүн санал нэгтэйгээр дэмжиж байлаа. Оюутны тэтгэлгийн асуудлыг ч сэдэвтэй холбоотой хөндөгдөж байснаас онцолбол “Үнэхээр сурах сонирхол, суралцах арга барил, судалгаа хийх бүтээлч сэтгэлтэй бол бусадтайгаа өрсөлдөөд, сайн суралцаад 70-аас илүүг ав л даа” гэх @Temuujin_Kh-ийн жиргээ байлаа.

Эцэст нь, МУИС-ын залуу багш О.Мөнхсайханы сэтгэгдлийг онцлоод цахим орон зай, жиргээ ертөнцөд өчигдөр юу анхаарал татаж байсан тухай тоймоо өндөрлөе. “МУИС шинэчлэгдэх ёстой. Оюутнууд багшаа, хичээлээ, мэргэжлээ өөрсдөө сонгох, МУИС-д заагдаж байгаа аль ч хичээлээс сонгож суралцах боломжтой болгох, МУИС-ийн хичээл, хөтөлбөр нь давхардсан, түүнийгээ өмчирхсөн энэ данхайсан бүтцийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна. Нэгэнт өөрчлөлт хийнэ гээд МУИС-ийн удирдлагыг авсан багт тэр шинэчлэлээ хийх боломж олгох хэрэгтэй баймаар юм.

Цалин нэмэх асуудал тавилгүй яахав. Гэхдээ бүтэц, байр сав зэргээ шийдээд дараагаар нь цалингийн асуудлыг шийдвэрлэх байх гэж найдаж байна. Багш нар ч дараа нь шаардах нь зүй ёсны. МУИС-д сайн судалгаанууд хийгдэх замаар дэлхийн төвшний мэдлэг үйлдвэрлэгдэж, түүнээс оюутнууд сурдаг болох хэрэгтэй. Үүнд шударга өрсөлдөөн маш чухал. Тиймээс, МУИС-ын дэд захирал Л.Мөнх-Эрдэнийн хэлсэн дараах зүйлтэй санал нэг байна: "Тэнхимийн багш нарт оюутныг яаж хичээлээ сонгуулж, суулгах вэ гэдэг чухал асуудал гарч ирнэ. Оюутныг хичээлээ сонгуулж суулгахын тулд багш нар хичээлээ өргөн хүрээтэй шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтад суурилсан хичээлийг заах ёстой. Тэнхимүүд өөрсдийн хөтөлбөрт оюутнуудыг элсүүлэх зорилгоор хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй болно. Тэр хичээл сайн, боловсронгуй, анхаарал татахуйц байж л оюутан сонгох юм. Одоо байгаа тогтолцоо нь ямар ч сонголтгүй байгаа нь өрсөлдөөнгүй байх үндэс болж байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарт миний хичээлийг сонгоосой гэх ямар ч эрмэлзлэл байхгүй байна. Тиймээс багш би юу харж байна түүнийгээ л зааж байгаа юм. Багш нарт хичээл, судалгаандаа анхаарал хандуулах нь зайлшгүй шаардлагатай юм шүү."

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж