-Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозо манай оронд өмнө нь хойшлуулсан айлчлалаа хэрэгжүүлэхээр удахгүй ирэх болсон сайхан мэдээ сонслоо. Юуны өмнө эл айлчлалын агуулга, ач холбогдлын талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ оны эхээр хэрэгжүүлэхээр товлож байсан айлчлалтодорхой шалтгаанаар хойшилсон чуг айлчлалыг боломж гармагц хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхийлөгч Ж.М.Баррозо тухайн үедээ албан ёсоор мэдэгдэж байсан. Одоо айлчлал хэрэгжихээр болж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозоманай оронд энэ оны 11 дүгээр сарын 17-18-нд албан ёсоор айлчлах гэж байна.
ЕК-ын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийнайлчлал нь Европын Холбооноос Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг нотолсон Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны дараахан болж байгаагаараа онцлогтой юм. Иймээс манай тал уг айлчлалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд энэхүү айлчлал хоёр талын улс төрийн харилцааг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамж, залгамж чанарыг хадгалах, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр, уг айлчлал нь ЕХ-ны зүгээс Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ач холбогдол өгч,манай оронд өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг эхнээс нь дэмжин тусалж ирсэний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг хүндлэн дээдлэх зэрэг ЕХ-ны хэмжээнд мөрддөг зарчмуудыг төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэхэд Монгол Улсын олсон ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолж буйн нэг илрэлюм.
Манай улсын хувьд ч "гуравдагч хөрш" болох ЕХ-той бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж улс орноо хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутаг болон олон улсын хэмжээнд нэр хүнд, байр сууриа батжуулахад энэхүү айлчлал мөн тус дөхөм үзүүлнэ гэж бодож байна.
Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх жил тохиож байгаа. Иймд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт амжилтуудыг үнэлэн дүгнэхийн хамт харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх талаар дээд түвшинд ярилцах бас нэг боломж болж байгаа юм.
-Та Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр, түүний ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Энэ жилийн хувьд хоёр талын харилцаанд онцлох зүйл ихтэй болж өнгөрч байна. Юуны түрүүнд олон жил яригдаж, олон хүний хөдөлмөр шингэсэн хоёр талын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт өнгөрөгч 4 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцсон Европын Комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч хатагтай К.Аштон манай улсад албан ёсоор айлчлахдаа гарын үсэг зурж байгууллаа.
1993 онд байгуулагдсан “Монгол Улс, Европын хамтын Нийгэмлэгийн хоорондын "Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээр” өнөөг хүртэл хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Гэвч дээрх хэлэлцээрийг байгуулж байсан цаг үеэс хойш манай улсын нийгэм, эдийн засгийн байдал болон хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсон тул уг эдгээрийг тусгасан шинэ хэлэлцээр байгуулах шаардлага зүй ёсоор тавигдсан. Энэ нөхцөл байдлыг аль аль талдаа ойлгож Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ 2009 оноос эхлэн хийж 2010 оны 12 дугаар сарын 20-нд үзэглэн бэлэн болгосныг энэ оны 4 дүгээр сард талууд ийнхүү эцэслэлээ.
ТХАХ байгуулсан нь Монгол Улс, ЕХ-ны харилцааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлж буйн дээр хамтын ажиллагааны хэтийн төлөв, цар хүрээг тодорхойлон хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харуулсан чухал ач холбогдолтой юм. Учир нь, Европын холбоо хөгжиж буй улс орнуудтай хөгжлийн тусламжийн хүрээнд голлон хамтран ажилладаг бол хөгжингүй болон шинээр эрчимтэй хөгжиж байгаа эдийн засгууд буюу BRICS-ийн орнууд /Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/, дундаж орлоготой бусад орнуудтай харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллаж цаг уурын өөрчлөлт, ядуурлыг бууруулах, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн болон нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлуудыг хоёр тал, бүс нутаг, олон улсын хэмжээнд шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэсэн үйл ажиллагаагаа энэхүү Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд зохицуулан ажиллаж байна.
ТХАХ нь Европын Холбооноос тухайн оронтой хоёр талын харилцааг бэхжүүлэх, олон улсын харилцан сонирхсон асуудлаар талуудын байр суурийг ойртуулах, ардчилал, хүний эрхийг дээдлэх, Европын тогтвортой байдал, аюулгүй байдлын талаарх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ явуулах, худалдаа, эдийн засгаас гаднабайгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, санхүү, эрх зүй, статистик, стандартчилал зэрэгбусад бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх механизмийг бий болгодог эрх зүйн баримт бичигболж байна.
"Хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ хүрээг тодорхойлсон ТХАХ-т гарын үсэг зурсан нь ЕХ, Монголын харилцааны нөөц бололцоог улам нээж хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо" гэж Европын Комиссын Дэд ерөнхийлөгч бөгөөд ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч хатагтай К.Аштон мэдэгдсэн нь уг баримт бичиг ямар ач холбогдолтой болохыг харуулж байна гэж хэлж болох юм.
-Хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орсон гэж хэллээ. Үүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Хоёр талын албан ёсны харилцаа анхлан 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн. Дипломат харилцаа тогтоосны дараахан ардчилсан хувьсгал гарч, 1990-ээд оны эхээр манай улсын эдийн засаг хүнд байдалд ороод байсан үед Европын Холбооноос анхны хүмүүнлэгийн туслалцааг 1993 онд үзүүлсэн байдаг. Энэ хооронд манай улс 1992 онд Европын Холбооны дэргэд суух ЭСЯ-аа нээж, хоёр тал "Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байв. Хэлэлцээр 1993 оны 3 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр хоёр тал бие биенээ худалдааны харилцан таатай нөхцлөөр хангахаас гадна Монгол Улс Европын Холбооны хөгжлийн туслалцааны хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болсон.
Европын Холбооноос Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд дахь шилжилтийн үеийн эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжихэд буцалтгүй тусламж үзүүлэх зорилготойгоор ТАСИС хөтөлбөрийг 1990 оноос санаачлан хэрэгжүүлж байсан. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ТУХН-ийн орнуудын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн байв. Манай орны хувьд ТАСИС-т нэгдэж орох нь илүү тохиромжтой байсан тул 1994-өөс 2003 оныг хүртэл тус хөтөлбөрт хамрагдаж ирсэн.
1993 оны хэлэлцээрийн бас нэгэн чухал заалт нь хоёр талын Хамтарсан хороог байгуулахад оршиж байсан. Хамтарсан хороо нь жил бүр хуралдаж хоёр талаас тухайн жилдээ хийсэн ажлуудаа дүгнэж, цаашид хийж гүйцэтгэх төлөвлөгөөгөө тохирч боловсруулдаг хоёр талын харилцааны байнгын механизм юм. Хамгийн сүүлд Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 15 дугаар хуралдаан энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
Европын Холбоо2002 оноос тухайн улс тус бүртэй 5-7 жилээрхамтран ажиллах Стратегийн баримт бичгийг гаргах болсон бөгөөд энэхүү Стратегийн баримт бичгийн хүрээнд 3 жил тутам Олон жилийн баримжаалсан хөтөлбөрийг баталж хөгжлийн хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж байна.
Европын Холбоо нь Монгол Улсыг ТАСИС хөтөлбөрийн үр дүнд тодорхой дэвшилтэд хүрсэн тул цаашид урт хугацааны хөгжлийн стратеги болон хөтөлбөрт шилжих нь зүйтэй хэмээн үзэж манай хүсэлтээр Монгол Улсыг 2004 оноос Европын Холбооны "Aзи, Латин Америк (АЛА)" хөтөлбөрт хамруулах болсон. АЛА хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрүүдийн төрөл олон, үйл ажиллагааны цар хэмжээ өргөн, илүү уян хатан, давуу нөхцөл байдлыг урт хугацаанд санал болгодог. АЛА хөтөлбөрт элсэн орсоноор зөвхөн Засгийн газрын хүрээнд бус мөн төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн Европын Холбооноос албан ёсны санхүүжилт авах боломж бүрдэж байсан.
Хамгийн сүүлд 2007-2013 онд баримтлах Стратегийн баримт бичгийн хүрээнд батлагдсан 2011-2013 онд Монгол Улстай хэрэгжүүлэх Олон жилийн баримжаалсан хөтөлбөрүүдийн хүрээнд 15 сая еврогийн хөгжлийн туслалцаа олгох шийдвэр гарсан.
Үүнээс 7 сая еврог Мэргэжлийн боловсрол олгох, байгаль хамгаалал, тогтвортой амжиргааг дэмжих сургалт явуулах төсөлд зарцуулахаар болсон. Үлдсэн 8 сая еврогийн тусламжийг Монгол Улсад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар дахь нийгмийн оролцоо, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төв болон орон нутгийн Төрийн байгууллагын чадавхийг сайжруулах төсөл хөтөлбөрт зарцуулагдахаар тогтсон.
Европын Холбоо нь 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө энэ онд багтаан батлахаар ажиллаж байна. Ирэх 6 жилд буюу 2014-2020 онд Монгол Улстай хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хувьд уул уурхайгаас олох ашгийг улс орны тогтвортой хөгжлийг болон мэргэжлийн боловсролыг дэмжих чиглэлд төвлөрүүлэх төлөвтэй байна.
Нийтдээ 1993-2013 оны хооронд Европын Холбооноос Монгол Улсад 100 орчим сая европын хүмүүнлэгийн болон хөгжлийн албан ёсны туслалцаа үзүүлсэн байна.
Энэ мэтчилэн харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж ирсэнээс гадна аажмаар туслалцаа авдаг хөгжлийн хамтын ажиллагааны тогтолцооноос харилцан ашигтай түншлэлийн хамтын ажиллагаанд шилжиж байгаагийн илрэл нь дээрх Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал боллоо гэж хэлж болох юм.
-Манай үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Европын Холбооны зах зээлд нийлүүлэх сонирхол ихтэй байдаг. Үүнийг дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ? Статистикаас харахад хоёр талын худалдааны эргэлт тэнцвэргүй, манайх алдагдал ихтэй харагддаг.
-2012 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 763, 8 сая ам.долларт хүрч, Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийн 6,8 орчим хувийг эзэлж байна. Задалж үзвэл Европын Холбоотой хийсэн Монгол Улсын экспорт 66,9 сая ам.доллар, импорт 696,9 сая ам.доллар болж худалдааны баланс 630,9 сая ам.долларын алдагдалтай гарсан тоо байна.
Монгол Улс нь Европын Холбооны тарифын хөнгөлөлтийг 2005 оноос эхлэн эдэлж байгаа. Энэхүү тарифын хөнгөлөлтөөр 7200 орчим бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд бараг татваргүйгээр нийлүүлэх боломжтой. Гэвч манайх өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт үнэт металл зэрэг нэмүү өртөг багатай, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлож байна. Харин нөгөө талаас хүнд даацын машин, тоног төхөөрөмж, эмнэлэгийн тоног төхөөрөмж, эм, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс зэрэг өндөр нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүнүүд импортлогож байна. Иймд бид дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс гадна манай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дээр стандартын шаардлагын асуудал тавигдаж буйг анхаарч, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нь өсгөх хэрэгтэй.
Манай улсын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны стандартад ойртуулах, улмаар нийцүүлэхэд чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалт, техник, технологийн арга хэмжээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, энэ ажилд мөн Европын Холбооны дэмжлэгийг аваад байна. Өнгөрөгч 4 дүгээр сард хоёр тал Монгол Улсын стандартчилалын тогтолцоог сайжруулах төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан. Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх тухай заалт ТХАХ-ийн 7-р зүйлд тусгагдсан байгаа.
Нөгөөтэйгүүр 2013 оны 3 дугаар сард "Европын Холбооны худалдааны өдрүүд" арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран зохион явуулж Европын Холбооны нэгдсэн зах зээлд бараа бүтээгдэхүүнийг хэрхэн хөнгөлттөй нөхцлөөр экспортлох, боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах, цаашлаад Европын зах зээлд өрсөлдөхүйц, олон улсын стандарт чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэр төрлөө олшруулах, экспортын чадавхиа нэмэгдүүлэх зэргээр уг тарифын хөнгөлөлтийг үр дүнтэй ашиглах арга механизмыг сайжруулахад чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээг зохион явуулсан нь цаг үеэ олсон чухал ажил болсон юм.
Европын Холбооны тарифын хөнгөлөлтийн хүрээнд 2009 онд 44,7 сая евро, 2010 онд 100, 9 сая евро, 2011 онд 72,2 сая евро, 2012 онд 67,4 сая еврогийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн ЕХ-ны орнуудад экспортлосон тоо баримт бий.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох болсон. Энэ чиглэлд Европын Холбоотой хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
-Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаас орж ирэх орлогод тулгуурлах бус бусад салбаруудыг жигд хөгжүүлснээр тогтвортой хөгжлийг бий болгохыг Европын Холбооноос зөвлөдөг. Энэ үүднээс Европын Холбооны Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн комиссар Дациан Чолош Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, тус салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд манай талын санал чухал үүрэг гүйцэтгэх юм.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрхзүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэх нь гадаад худалдааны өсөлтийг нэмэгдүүлэх, орчин үеийн техник технологи, ноу-хау нэвтрүүлэх сонгодог арга зам юм. Шинээр батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг суугаа, хавсран суугаа орнуудын аж ахуй эрхлэгч, бизнес, улс төрийн хүрээлэлд таниулан сурталчилах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар бид анхааран ажиллаж байна.
Хүний эрхийг дээдэлсэн, ил тод, нээлттэй засаглалыг бий болгосноор уул уурхайгаас олох ашгийг тэнцвэртэй хууварилах боломжтой хэмээн Европын Холбоо үзэж байгаа. Үүнтэй уялдах бас нэг асуудал бол уул уурхай хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Энэ чиглэлд ЕХ ихээхэн туршлага хуримтлуулснаасаа хуваалцан хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийлж байгаа.
Тиймээс ч ЕХ-ны зүгээс манай улсын тогтвортой хөгжлийг хангахад эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайгаас олж буй баялагийг хүн амдтэнцвэртэй хуваарилахыг чухалчилж энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтоод байна.