Шинэ удирдлагууд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Шинэ удирдлагууд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзлаа

МАН-ын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УЗ-ийн гишүүд иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ Тусгаар тогтнолын ордонд уулзалт хийлээ. Шинэчлэлийг МАН бодлогын, боловсон хүчний, үйл ажиллагааны гэсэн гурван чиглэлээр авч үзэж буйг намын дарга М.Энхболд онцлоод, намын XXVII Их хуралдаан, Бага хурлын талаар товч илтгэл тавьлаа.

Намын дарга М.Энхболд “МАН шинэчлэл эв нэгдлийн гэх тодотголтой XXVII Их хурлаараа бодлогын шинэчлэлээ тодорхойлсон билээ. Боловсон хүчний шинэчлэлийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, цомхон чадварлаг баг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү шинээр томилогдсон залуу боловсон хүчнүүдийн үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын нэг нь долоо хоног бүрийн мягмар гаригт иргэд, гишүүд дэмжигчдээ нээлттэй хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсч, бодлого шийдвэртээ тусгах “МАН-ын нээлттэй өдөр” уулзалт, хэлэлцүүлэг юм” гэлээ. 

МАН-ыхан долоо хоног бүрийн мягмар гаригт ард иргэдээ нээлттэй хүлээн авч уулзаж байхаас гадна, нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулна. Мөн улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар ч иргэдтэй уулзаж ярилцах нэг сарын аян өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн ард түмний нам байж, ард иргэд, намын гишүүн бүрт хүрч ажилладаг байх гэсэн том зорилтын эхлэл нь эдгээр ажил гэдгийг намын удирддагууд онцолсон. Үүний дараа намын гишүүд, дэмжигчид намын шинэ удирдлагууддаа хандан санал шүүмжээ хэллээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүн Д.Дамдин “МАН-ын анхан шатны байгууллага тэр дундаа нийслэлийн намын хороо байхгүй мэт ажиллаж байна. Хуучин нийслэлийн намын хороо нэр хүндтэй, хамгийн сайн нь байсан боловч одоо тийм биш болсон. Тиймээс нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг сайжруулах, нийслэлийн МАН-д амь тариа хэрэгтэй байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн Сэлэнгэ аймгийн намын хорооны гишүүн “Нам шинэчлэгдэж байгааг одоо хийх бүхнээс харах болно. Намын үйл ажиллагаа дутуу, дульмаг болсноос нам ялагдахад хүргэсэн. Тиймээс шинэ удирдлагууд намын анхан шатны байгууллагатайгаа хамтран ажиллаж, нягт ажиллах нь маш чухал байна. Мөн намд шинэ залуучууд ихээр элсч, ахмад үетэйгээ зөвлөлдөхөөс илүү толгой мэдэн шийдвэр гаргаж байна” гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Энэ мэтчилэн намын шинэ удирдлага, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын удирдлагууд намын анхан шатны байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор долоо хоног бүрийн мягмар гаригт уулзаж байхаар төлөвлөжээ. 

Ш.ЧИМЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж