Хөвсгөл, Дорнодын Засаг даргын асуудал удахгүй шийдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Дорнодын Засаг даргын асуудал удахгүй шийдэгдэнэ

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль жилийн өмнө болж өнгөрсөн билээ. Гэвч Хөвсгөл, Дорнод гэсэн хоёр аймаг өнөөг хүртэл аймгийн Засаг даргаа сонгож чадахгүй маргаантай явсаар байгаа. Холбогдох хуульд шинэ Засаг дарга томилогдтол өмнөх Засаг дарга ажил үүргийг нь гүйцэтгэнэ гэж заасан байдаг тул Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Цэрэнжав, харин Дорнод аймгийн хувьд Засаг дарга Ц.Жанлав нь эрүүл мэндийн шалтгаантай тул Засаг даргын орлогч нь ажил үүргийг гүйцэтгэж байгаа аж.

Гэхдээ дээрх хоёр аймаг дээр өнгөрсөн орон нутгийн сонгуулиар МАН олонхийн суудал авсан ч дотроо хагарч улмаар Засаг даргад нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5-д заасан шаардлага хангаагүй хүмүүсийг нэр дэвшүүлснээр, тухайн үед нь Ерөнхий сайд томилохоос татгалзаж байжээ. Үүний дараа Дорнод аймгаас Засаг даргад нэр дэвшсэн М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй 3 шатны шүүх хурал болсон бөгөөд шүүхээс М.Бадамсүрэнг хуулинд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Засаг даргад томилохыг Ерөнхий сайдад даалгах боломжгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймээс одоо Дорнод аймгийн ИТХ дахин хуралдаж, аймгийн Засаг даргадаа хуулийн шаардлага хангасан хүнийг шинээр нэр дэвшүүлэх болжээ.

Тэгвэл Хөвсгөл аймгийн хувьд шүүх хурал нь зарлагдсан ч Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдын хувьд шүүх хуралдаа өөрөө оролцохгүй хойшлуулсаар байгаа аж. Тэрээр “Би Засаг дарга болох ёстой. Тиймээс аймгийн ИТХ дахин хуралдахгүй шүү” хэмээн намын бүлгийн нөхөддөө шахалт үзүүлж эхэлсэн тухай  мэдээлэл байна. Мөн түүнийг шүүх хуралд ороод унах магадлалтай тул шүүх хурал болохоос өмнө нэхэмжлэлээ татаж, Засаг даргад нэр дэвших бодлоо татаж магадгүй тухай ч зарим төлөөлөгчид нь ярьж байна.

Харин түүний нэхэмжлэлтэй шүүх хурал хойшилсоор энэ сарын 14-нд товлогдсон бөгөөд уг хурлыг Л.Ганболд дахин хойшлуулахгүй бол Хөвсгөл аймгийн асуудал цэгцэрч, аймгийн ИТХ нь хуралдах боломж үүсэх магадлалтай юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж