Төсвийг хугацаанд нь баталж чадах уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төсвийг хугацаанд нь баталж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

Төсвийг хугацаанд нь баталж чадах уу?

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг
ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор УИХ-аар баталсан байх хуулийн
заалттай. Гэтэл арваннэгдүгээр сар гараад байхад анхны хэлэлцүүлгийг нь
ч эхлээгүй байгаа юм. Энэ нь төсвийн чанарт нөлөөлж, улмаар хуулийн
хугацаа зөрчсөн асуудалд хүргэх эсэх талаар гишүүдийн байр суурийг
сонслоо.

Гишүүн Д.Ганхуяг:

-Өнөөдөр
арваннэгдүгээр сар гараад явж байна. Хуулиараа бол УИХ арванхоёрдугаар
сарын 1-ний дотор төсвөө баталсан байх ёстой. Төсөв тусгай дэгээр
зохицуулагддаг, дөрвөн хэлэлцүүлэгтэй байдаг. Цаг хугацаа нэлээд алдаж
байна. Нөхцөл байдлын гол нь бол нэгдүгээрт, Үндсэн чиглэл дээр цаг
хугацаа их алдлаа. Үндсэн чиглэлийг Засгийн газар маш чанаргүй
боловсруулж оруулж ирсэн. Нөгөө талаас хямралаас шалтгаалж улс орны
эдийн засаг, иргэдийн амьжиргааны байдал тааруу болсон, мал аж ахуйн
гаралтай бүтээгдэхүүн хямдарсан зэрэг нь гишүүдийн сэтгэлийг зовинуулж
байна. Төсвийг хугацаанд нь батлах нь зүйтэй. Гэхдээ хэлэлцэх хугацаа
богиносох тусмаа чанаргүй болдог. Гишүүд аль болох хичээж ажиллах
шаардлагатай байна. Засгийн газар өнөөдөр хоёрдмол байдалтай байна.
Шинэ Ерөнхий сайд томилогдсон. Үндсэн хуулиараа бол Засгийн газрын
одоогийн гишүүд үүрэг гүйцэтгэгч болоод эргээд томилогдох ёстой. Үүн
дээр хугацаа алдмааргүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай
оруулж ирэх шаардлагатай. Төсвөө хугацаанд нь батлуулахын төлөө ажиллах
хэрэгтэй боллоо. Тэгэхгүй бол хууль зөрчсөн асуудал үүснэ. Хий
улстөржүүлж цаг алдуулсан асуудал үүсгэх талтай.

Гишүүн А.Тлейхан:

-Улсын
төсвийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуультай. Бид хамгийн
гол нь Үндсэн чиглэлээ сайн гаргахад анхаарч байгаа. Үндсэн чиглэл
гэдэг маань дараа онд хийх гол ажил учраас энэ дээрээ сайн ажиллаад
тохирчихвол төсвийн хэлэлцүүлэг хялбархан явна. Яагаад гэвэл төсөв бол
Үндсэн чиглэлийг санхүүгийн хувьд яаж дэмжих вэ гэдгийг шийдэх хууль
учраас дахин дахин яриад байх шаардлагагүй. Үндсэн чиглэлийг ярих явцад
төсвийн гол асуудлыг давхар яриад явж байна. Тиймээс төсвийг хуулийн
хугацаанд гаргаж амжина. Үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг маргааш
/өнөөдөр/ үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна. Энэ долоо
хоногтоо төсвийг эхлүүлнэ гэж ойлгож байна. Амжина.

Гишүүн Ц.Даваасүрэн:

-Хугацаа
алдаж байгаа ч сайн ярилцвал төсвийн чанарт муугаар нөлөөлөх зүйл
байхгүй гэж бодож байна. Төсвийн баримтлах гол чиглэл нь Үндсэн чиглэл.
Үндсэн чиглэлээ сайн гаргаад авчихвал төсвөө түүн дээрээ суурилаад л
хийгээд явчихна. Үндсэн чиглэл бол бодлогын баримт бичиг, төсөв бол
санхүүгийн баримт бичиг. Тиймээс бодлого нь гарчихвал төсөв сайн явна.
Үндсэн чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол гол заалт тусаагүй
учраас хэлэлцүүлэг удааширсан. Эх орны хишиг,  Алдарт эхийн тэтгэлгийг
хэзээ өгөх, тэтгэвэр тэтгэмж, цалинг яаж нэмэх вэ гэдгийг ирэх оны
болон 2011, 2012 оны Үндсэн чиглэлийн хандлагад тусгах ёстой. Бодлогоо
тодорхой болгоод төсөв мөнгөө хуваарилах ёстой. Бодлого зөв гарвал
зарцуулах хоёр их наяд төгрөгийг хуваах амархан.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс