
Тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа эхний гуравт бичигддэг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд гурван насны тэмээний уралдаан боллоо. Дөрөв дэх жилдээ болж буй уламжлалт уралдааныг тус сумын уугуул, сумын Алдарт уяач Наваандоржийн Мэндбаяр санаачлан зохион байгуулдаг бөгөөд жил ирэх тусам цар хүрээ нь тэлж буй аж. Энэ удаагийн уралдаанд Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй болон Баянхонгор аймгийн Баянлиг сумдын хурдан тэмээнүүд ирж оролцсон байна.
Ингээд тус уралдаанд түрүүлж айрагдсан тэмээдийг танилцуулъя.
Ат-51
1. Гурвантэс сумын харьяат Отгонцагааны улаан
2. Ноён сумын харьяат Ууганхүүгийн бор
3. Гурвантэс сумын харьяат Мэндбаярын улаан
4. Гурвантэс сумын харьяат Амарын бор
5. Сэврэй сумын харьяат Цогтбаатарын улаан
Тайлаг- 26
1. Гурвантэс сумын харьяат Мэндбаярын ногоон
2. Ноён сумын харьяат Отгонбаярын ногоон
3. Гурвантэс сумын харьяат Дашнямын улаан
4. Гурвантэс сумын харьяат Орхончулууны улаан
5. Гурвантэс сумын харьяат Содоогийн улаан
Тором-29
1. Гурвантэс сумын харьяат Орхончулууны улаан
2. Гурвантэс сумын харьяат Юндэнпэрэнлэйн бор
3. Гурвантэс сумын харьяат Отгонцагааны шар
4. Гурвантэс сумын харьяат Цэдэнхоролын хөх
5. Гурвантэс сумын харьяат Алтан-Эрдэнийн шар тус тус хурдалжээ.
Уламжлалт уралдаанд “Нэмэгтийн хүлэгчид” галынхан хамгийн одтой наадсан бөгөөд нас болгоноос айраг түрүү хүртэн, наадамчин олноо цэнгүүллээ. Уралдаанд түрүүлсэн тэмээг тором, өргөмжлөл, медалиар мялаасан бол айргийн тэмээдийг медаль, өргөмжлөл, хивс тэргүүтнээр шагнасныг дуулгах нь зүйтэй байх.
Мөн түүнчлэн энэ өдөр сумын аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаан болж, 32 залуу бөх зодоглосноос шөвгийн дөрөвт Т.Эрхэмбаяр, Ж.Батзориг, А.Баттогтох, Ц.Давааням нар үлдсэн. Т.Эрхэмбаяр, Ж.Батзориг нар үзүүр түрүүнд үлдэн Т.Эрхэмбаяр түрүүлж, сумын начин цол хүртсэн юм. Дашрамд сонирхуулахад сумын шилдгийг шалгаруулах уламжлалт уралдаан хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.
Эх сурвалж: http://todmagnai.mn