Мэдээж бүтээн байгуулалт өрнөж, автозам шинээр тавигдаж, аймаг, нийслэлийг хооронд нь холбоно гэдэг аргагүй бидний хүлээж буй хөгжил мөн. Зам дагаж хөгжил ирдэг гэдгийн адил улсын хөгжил автозамын урт хол, олон зэргээс шалтгаална. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн нийслэл болоод орон нутгийн замыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, гурван ч аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоод байна. Үүнийг дагаж, аймгийн төвийг хот болгох, цаашлаад сумын төвийг жишиг болгох гээд олон чухал бодлого үргэлжилж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй төслүүд ч эхнээсээ ч үр дүнгээ өгч эхэлж буйг үгүйсгэх арга байхгүй ээ.
Гэвч барилдахаасаа таахалзана гэгчээр автозам нээх ажлыг тэгж сүр дуулиантайгаар зохион байгуулах нь эргээд хэнд хэрэгтэй гэж.
Замын компанийнхан, орон нутгийн удирдлагууд тууз хайчлаад л нээчих замыг тайз, чимэглэл, дуу хуур, бүжиг наадам болж, урлагийн үзлэг дайны болгож хавтгайруулан хөөрцөглөх нь хэр зөв юм бол. Өчигдөр л гэхэд Дундговь аймгийн Засаг дарга болоод тус нутгийн удирдлагууд аймгийн төвийг Улаанбаатартай холбосон замаа хүлээж авахын тулд өндөр гэгчийн тайз засч, гурвын гурван гэр бариулж, нутаг усныхнаа цуглуулан, ёстой л нэг дэнж хотойтол сүр ихтэйгээр замаа нээв. Зам барьсан компаниуд нь бүх автомашинуудаа зэрэгцүүлээд тавьчихсан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид багахан хэмжээний концерт бэлдчихсэн хотоос очсон албаны хүмүүсийг угтав.
Зам тавьж, тэр бүтээн байгуулалтыг өрнүүлж, ажил хийсэн нэгнээ урамшуулж байгааг нь буруутгах гэсэнгүй ээ. Харин нэг зам хүлээж авах бүрт ингэж олон хүнийг чирэгдүүлж, найр наадам лугаа тэмдэглэдэг бол илүү л маяг шиг харагдана лээ. Ганц өчигдөр ч биш, ганц Дундговьд ч биш. Сүүлийн үед хаа сайгүй л нэг “зам нээдэг” нэргүй баяртай болсон нь эрхгүй гайхашрахад хүргэж байна.