Динозавраас өөр соёл алга уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Динозавраас өөр соёл алга уу?

Архелогийн музейтэй болох нь ээ, манайх. Сайхан зүйл шүү.

Хэдэн
сая жилийн өмнө төрөлх нутагт минь амьдарч байсан амьтдын араг яс,
ховор нандин эд өлгийн зүйлсээ нэг дор төвлөрүүлж, гадаад, дотоодын
үзэгчдэд дэлгэн харуулах нь. Энэхүү сайхан ажлыг Соёл, спорт, аялал
жуулчлалын яам /Нэгэн эрхмийн тодорхойлсноор Соёл-Динозаврын яам/
санаачилж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас газар олгосноор
Монголын үндэсний Археологийн музейтэй болж байгаа аж. Энэ тухайгаа олон
нийтэд мэдэгдэж, сурталчилах ажлаа ч эхлүүлж байгаа бололтой. Энэ яам
динозаврын тухайд маш сайн ажиллаж байгаа гэдгээ сүүлийн жил гаруйн
хугацаанд тодорхой харууллаа. Соёлыг динозавраар төсөөлөөд удаж байна
даа, бид.

Харамсалтай нь, энэ яамны удирдлагууд “соёл” хэмээх
ойлголтод чухам юу, юу хамаарагддаг гэдгийг ойлголгүй өнөөдрийг хүрсэн
бололтой. Зөвхөн динозаврын араг яс, архелогид л анхаарал хандуулсаар
ирлээ. Ганц нэгэн “ном” бичсэн зохиолч, гадаадад олон жил амьдарсан
жинхэнэ тухайн улс үндэстний соёл гээч чухам юу болохыг ойлгодог, мэддэг
сайдтай боллоо хэмээн хөөрцөглөсөн минь буруу байж. Монгол хэлний
дүрмийг өөрчлөх, зарим үсгийг хасах, хэн нэгэн албан тушаалтан монгол
үсгийг латин үсгээр орлуулах гэх мэт “ажил” хийж байхад энэ яам дуугүй л
байсаар байна. Уг нь монголчууд албан ёсоор тэрхүү үсгийг ашигласаар
ирсний баталгаа нь гадаад паспорт, банкны цахим карт зэрэгт бий.

Охид
хөвгүүдийнх нь үгийн санд “уба”, “хайр аа” гэх гадаад, “модон”
орчуулгын үгс зонхилж, эрчүүд нь нарийн өмд жийж, К-поп урсгалаар сэтгэж
байгааг ч үл тоосон мэт өнөөх л араг ясаа ярьсаар. Араг яс, архелоги
ярих нь буруу гээд байгаа юм биш. Гэхдээ энэ улс чинь оршуулгын газар
биш биз дээ. Мэдээж динозаврын араг яс археологийн чухал олдвор нь мөн.
Түүнийг хамгаалах, хадгалах нь тус яамны үйл ажиллагааны өчүүхэн хэсэг
болохоос бүх ажил нь биш.

Эх орны халдашгүй байдал, үндэсний
аюулгүй байдал, тусгаар тогтнолд гадны соёлын довтолгоо заналхийлж
байтал түүний эсрэг тууштай байтугай түр арга хэмжээ авч ажиллахгүй
байгаа нь үнэхээр “Динозаврын яам” гэхээс өөр арга алга. Дэлхийд улс
орнуудыг хамгийн энх тайван замаар уусган нэгтгэх арга бол соёлын
довтолгоон гэдгийг эрдэмтэд хэлдэг. Гэтэл бид энэ чигээр “араг яс”-аа
ярьсаар байвал тун удахгүй монгол, монгол хэмээн цээжээ дэлдэх боловч
солонгосоор сэтгэж, хятад шиг аливаад хандаж, амьдардаг болох нь. Эх
орондоо ид бүтээж туурвих насандаа харь оронд ажиллаж амьдардаг, насны
тоо нь гүйцэхээр “нутагтаа очиж ясаа тавина” гэх сэтгэхүйтэй сайдын
бодлого яг таг таараад ч байх шиг.

“Соёл-Динозаврын яам” маань хэзээ жинхэнээсээ соёл, уламжлал, сэтгэлгээнд анхаарч ажиллах болж байна аа.

Д.БҮҮВЭЙ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж