– Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 6 дахь удаагийн ээлжит бус 6-р хуралдаанаар 2013 оны төсөвт тодотгол хийлээ. 2013 онд батлагдсан төсөв 43 тэрбум төгрөг дээр нэмж 998,2 сая төгрөгийг тодотгох төслийг ИТХ-аар дэмжин баталлаа.
– Баруун-Урт сумын 3-р багт МАН-аас нэр дэвшсэн М.Төмөрчулууны төлөөлөгчийн эрхийг баталгаажуулж аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх тэмдгийг гардуулан өглөө. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар маргаантай байсан асуудлаар шат шатны шүүхэд хандсанаар улсын дээд шүүхийн 104 тоот шийдвэр гарч төлөөлөгчийн эрхийг нь сэргээжээ.
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа 46 албан хаагч төрийн албан хаагчийн тангараг өргөж батламжаа гардан авлаа.
– Өнөөдөр монголын үндэсний статистикийн өдөр. Монгол улсад статистикийн алба үүсч байгуулагдаад 90 жилтэйгээ золгож байна. Харин 1963 онд байгуулагдаж байсан Сүхбаатар аймгийн статистикийн алба түүхэн ойгоо угтаж ЕБС-ийн сургуулийн сурагчдад статистикийн талаар товч мэдээлэл өгч сурагчдйн дунд “Алтан хонх” тэмцээнийг зохион явууллаа.
– Уулбаян сум энэ сарын 7, 8-ний өдрүүдэд Урлаг спортын анхдугаар бага наадмыг зохион байгууллаа. Долоон багийн 140 оролцогчид урлагийн долоо, спортын гурван төрөлд хоёр өдрийн турш сумын иргэд өрсөлдлөө. Урлагийн наадмын шилдэгүүд 2014 онд тохиох төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож ая дуугаа өргөнө.
– Энэ жил Уулбаян суманд 150 мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэл ажил хэдийн хангагджээ. Сумын нөөцдөө болзошгүй аюулын үед хэрэглэх 20 гаруй мянган боодол өвсийг бэлтгэжээ. Малчид иргэд албан байгууллагын хувьд дор бүрнээ бэлтгэлээ хангаж өвөл дулаан тавтай өвөлжих орчныг бүрдүүлсэн байна.
– Баруун-Урт сумын 7-р цэцэрлэгт Баруун-Урт сумын 6-р багийн 116 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин хүмүүждэг. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготойгоор ажилладаг тус цэцэрлэг анги бүлгүүдийн бүх хүүхдүүдийг хамруулсан гимнастикийн тэмцээнийг зохион байгууллаа. Ингэснээр ангид нэг ч хүүхэд орхиогдолгүй жигд хөгжих боломжтой юм.