УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Процессийн хуулиуд нь батлагдаагүй байна. Энэ хооронд иргэд шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх, хаана хандах вэ гэдэг дээр ойлгомжгүй байдал үүсээд байна. Иргэд гомдлоо өгөх шүүх хайгаад явж байна. Шүүхүүд хаана, хаана байрлах нь тодорхойгүй. Дээрээс нь Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө шууд УИХ-д оруулах болсныг бүх юмыг өөрсдийн дураар шийдэж болох мэтээр ойлгоод үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг болчихлоо. Ийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх энэ асуудлыг анхааралдаа авч, иргэдийн үндсэн хуульд заасан эрхийг нь эдлүүлэх хэрэгтэй, хий зай гарах ёсгүй гэж үзэж байна" гэлээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхын саналаар дэмжин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.