А.Бакей: Эцсийн шийдвэрийг УИХ гаргана

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

А.Бакей: Эцсийн шийдвэрийг УИХ гаргана

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтийг өчигдөр УИХ-ын даргад хандан тавьсан билээ. Хуульд зааснаар энэ асуудлыг УИХ хэдий хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх ёстой, мөн сонгогдсон тойрогт нь нөхөн сонгууль явуулах уу зэрэг асуултад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгээс хариулт авлаа. 

-Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг гаргалаа. Төрийн байгуулалтын байнгын хороо хэзээ энэ асуудлыг хэлэлцэх вэ?

-Хуульд бол УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгснөөс хойш төдий хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй. УИХ-аар 2014 оны төсвийг баталсны дараа энэ асуудлыг хэлэлцэнэ.

-Өргөдөлдөө Р.Амаржаргал гишүүн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т заалтыг үндэслэн бүрэн эрхээсээ татгалзаж байна гэж тодотгосон байсан. Яг ямар үндэслэлийг иш болгосон заалт юм бэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн утгатай заалт юм.

-УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль явуулах уу. Эсвэл шууд дараагийн нэр дэвшигч нь УИХ-д орж ирэхээр байгаа юу?

-Эхлээд өргөдлийг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхи нь дэмжиж хүлээн авах шийдвэр гаргах юм бол 14 хоногийн дараа нөхөн сонгууль зарлаад, 30 хоногийн дотор нөхөн сонгуулийг зохион байгуулах хуулийн заалт бий.

-Тойрогт сонгогдсон гишүүн "Намын нөхдөд хариуцлага тооцохгүй байна" гэх үндэслэлээр бүрэн эрхээсээ татгалзах нь хэр зохистой шийдэл вэ. Олон мянган сонгогчийнхоо итгэлийг хүндэтгэн үзэх шалтгаанаар гэж хөсөрдүүлж болох уу?

-Асуудлыг хэлэлцээд эхлэхээр хүндэтгэх шалтгаан гэдэгт гишүүн маань тайлбар хэлж таарна. Тойргоос сонгогдсон гишүүн бол маш олон мянган сонгогчийн итгэл үнэмшлээр УИХ-ын гишүүн болсон.  Хэдийгээр улстөрийн үүднээс тийм шийдвэр гаргаж байгаа ч гэсэн сонггочийн саналыг бодолцох байх. Нөгөө талдаа намын төвшинд яригдах ёстой асуудал гэж бодож байна.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Ц.Шаравдорж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байсан юм билээ, гэхдээ УИХ-аас хүсэлтийг нь хүлээж аваагүй тул гишүүнээрээ үлдсэн байдаг юм билээ. Тийм учраас Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай эцсийн шийдлийг УИХ гаргана гэж ойлгоорой.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж