…Утаа ихэссэн болохоор УИХ-ын гишүүд тамхины эсрэг хууль гээчийг баталсан. Хууль хэрэгжиж эхлээд анхны өвөлтэйгээ золгож буй энэ мөчид утаа бахь байдгаараа. Сүүлийн хориод хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж тэр чинээгээрээ утаа үйлдвэрлэх болсон. Хамгийн аймшигтай нь энэ утаа эхийн хэвлийд боожиж буй урагт нөлөөлж, эрэмдэг, зэрэмдэг нялхас төрөх болов. Ураг эндэх нь энүүхэнд. Гэтэл мэргэжлийн эмч нар хэвийн үзэгдэл мэтээр ярих болжээ. Зөвхөн миний тойрон хүрээлэгсдээс гэхэд хоёр ч айлын гэргий ангир ургаа амлуулж чадалгүй бяцхан үрээ энэ хорвоогоос үдсэн. Шалтгаан нь хорт утаа. Нэгийнх нь хүүхдийн уушиг цоорхой, амьсгалах чадваргүй төрсөн. Хэдийгээр эмч нар шаардлагатай бүхнийг хийсэн ч амьдарч чадаагүй. Хоёр дахь нь хэвлийдээ зулбасан. Залуу гэх бүл хүүхэд олсон цагаасаа эхлэн баярлан хөөрч, төрөхийг нь тэсэн ядан хүлээдэг байсан бол одоо айдаст автдаг болжээ. Тэд ямар хүүхэд төрөх бол, эндчихвий гэх айдсаар хучуулсан. Үнэхээр ч тийм бодит заналхийлэл бий. Ураг хүчилтөрөгчийн дутагдалд орсноос энэ бүхэн үүдэлтэйг эмч нар хэлж байна. Анагаах ухааны доктор, ген судлаач И.Пүрэвдорж агаарын бохирдол ургийн генд нөлөөлж, аюулын харанга дэлдээд эхэлсэн талаар ярьж байна.
Шинжлэх ухааны хэлээр бол нэг мм-ийг 100-гаас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчинг “утаа” хэмээн шинжлэх ухааны хэллэгээр тайлбарладаг. Автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус ,хар тугалганы исэл мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл байдаг бол гэр хорооллын айлуудын гол түлш болох чулуун нүүрснээс нүүрсхүчлийн исэл /СО2/ ялгаран улмаар хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгждэг карбоксигемоглобин үүсгэдэг нь уушиг, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчтэй болгох, дархлаа сулруулах, бага насны хүүхдүүдийн өсөлтөнд аажмаар нөлөөлж давжааруулах зэрэг олон муу үр дагавартай ажээ.
Зовлон учрахаар лам, зуд болоход нохой зоолдог гэгчээр агаарын бохирдолын нөлөөлөл хэсэг хүмүүсийн баяжих хэрэгсэл болчихсон. Авар гаруй жилийн өмнө дагалдан сэтгүүлч болж байхад л Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Г.Мөнхбаяр шахмал түлшийг рекламдаж, хоёр жилийн дотор хорт утааг 50 хувь бууруулна гэж мэдэгдэж байсан. Г.Мөнхбаяр тухайн үед “Агаарын бохирдлыг бууруулахаар УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэсэн шийдэлд хүрсэн. 50 тэрбум төгрөг зарцуулахаар болоод байна” гэж мэдэгдэж байж. Тэр мөнгийг дараа нь зарцуулсан л даа.
Арван жилийн есөн жилд нь энэ эрхэм хотын удирдлагын албан тушаалыг ээлж дараатайгаар хашсан. Өнгөрсөн жилээс л хөндийрсөн билээ. Ингэхдээ шахмал түлш үйлдвэрлэж, түүнийг дэмжиж, түүнд зориулсан зуухыг л тараасан билээ.
Энэ бүхний эсрэг төрөөс барьж буй бодлого нь шахмал түлш үйлдвэрлэх. Энэ нь хэсэг хүмүүсийн үйлдвэрлэлийг дэмжихийг эс тооцвол залуус үрийн заяа дуудуулж, үр хүүхэдтэй болохыг хүсэмжлэн лам, бөөд байдгаа барих болсноор сөрөг үр дагавар нь илэрч байна. Хүүхэд олсон ч ураг зулбах, эндэх тохиолдол олширсон нь утаатай л холбоотойг мэргэжлийнхэн үзэж буйг дээр дурдсан. Сүүлийн үед уушиг цоорхой хүүхдүүд олноороо төрж, хагалгаанд орох мөнгө гуйн эцэг, эхчүүд пэйсбүүк-ээр өглөгийн эздээс тусламж гуйн өхөөрдөм бяцхан үрсийнхээ зургийг ч шэйрлэх болжээ. Энэ бүхэн энгийн үзэгдэл гэж байгаа бол хэлэх үг алга.
Асар их хөрөнгө мөнгө зарцуулан үйлдвэрлэж байгаа гэх шахмал түлш жирийн шатах материалын бүтэц, найрлагыг өөрчлөх замаар л хийж байгаа болохоос биш ялгаа үгүй утаа гаргана. Утаагүй түлш гэж Монголд байтугай дэлхийд байхгүй. Тийм гэдгийг ч үйлдвэрлэлийг явуулж буй хүмүүс өөрсдөө ч мэднэ.
Хорт утаанаас салах цорын ганц зам нь цахилгаан, дулааны эх үүсвэртэй болох. Гэтэл бүрэн шаталттай зуухыг гэр хорооллынхонд хөнгөлөлттэй үнээр олгож эхлээд нийслэлийн 120 мянган өрхийг энэ төрлийн зуухаар хангасан байна. Харин энэ өвөл 45 мянган зуух нийлүүлснээр нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийн 90 орчим хувийг бүрэн шаталттай зуухаар хангах юм гэнэ дээ. Тэгвсэн Засгийн газар 15 сая ам.долларыг 25 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр авч агаарын бохирдолд зарцуулахаар болооод байна.
Ер нь гадна, дотны санхүүжилтээр хэдэн арван тэрбумаар тооцогдох мөнгийг жил болгон зарцуулсаар иржээ. Гэтэл тэр мөнгө очих ёстой газар, бууруулах ёстой зүйлдээ зарцуулагдаагүйг "Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан түүний туслах нягтлан А.Болдмаа нарыг бусдад авлига өгсөн, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигласан гэх хэргээс харж болно. Тэдний улсад учруулсан нийт хохирлын хэмжээг таван тэрбум төгрөг гэж тогтоосон байна. Харин агаарын бохирдлын эсрэг зарцуулах ёстой мөнгийг нь завшсанаас үүдэн хотын иргэдэд ямар хохирол учруулсаныг тогтоох боломжгүй.
Цэвэр агаарын санд улсаас жил болгон 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөж олгодог бол гадаадын байгууллагуудын арав гаруй томоохон төсөл хэрэгжиж буй гэнэ. Жилд 30-50 тэрбум төгрөг агаарын бохирдолд зарцуулдаг гэж тооцвол сүүлийн арван жилийн хугацаанд 300-500 тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг. Энэ мөнгөний хэд нь шахмал үйлдвэрийг хэсэг бүлэг хүмүүсийг дэмжиж, хэд нь хэний халаасанд орсныг чөтгөр бүү мэд. Ямартай агаарын бохирдол буурсангүй. Хэрэвзээ энэ мөнгөөр орон сууц барьсан бол хэдэн иргэн ажилтай, хичнээн олон өрх эрүүл саруул үр хүүхэдтэй байх байсныг бодоод үзэх хэрэгтэй. Утаа үйлдвэрлэхэд төрөөс мөнгө зарцуулж байхаар иргэдийг хүчилтөрөгчийн аппаратанд ороход, баг авч зүүхэд энэ мөнгийг зарцуулбал илүү үр дүнтэй болов уу.