МУИС-д өрнөх чанарын шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт нь үндсэн гурван тулгууртай бөгөөд эхнийх нь сургууль тэнхим, хөтөлбөр, хичээлийн бүтцийн өөрчлөлт хийж, давхардлыг нь арилгаж, оновчтой болгоход оршиж байна. Наян зургаан тэнхимд дунджаар 7 багш ноогддог. Тэнхим тус бүрээр салж бутарсанаар оюутан хохирдог. Дөрвөн багштай тэнхим ч байна. Оюутан МУИС гэдэг том нэр хүндэд итгэж элсэж ордог боловч дөрвөн жил суралцахдаа тэнхимдээ 60 хувийг нь өнгөрүүлдэг, дөрвөн багшаа сонссоор шинэ цагийн “сэхээтэн” болдог гэсэн үг. Нэгэнт тэнхимийнхээ хараат болсон оюутан багшаа, хөтөлбөрөө сонгох, шүүмжлэх эрхгүй. Өрсөлдөөнгүй, хангалттай оюутантай учраас чөлөөт сонголт, хамгийн гол нь хяналт, заах хичээл, багшаа сайжруулах сонирхол байхгүй. Хөтөлбөр, хичээл, ном, сурах бичиг шахдаг нь нууц зүйл биш. Мэргэжлээ буруу сонгосон бол түүнийгээ өөрчлөх, өөрийгөө олох боломж маш хомс. Чанарын шаардлага тавигдахгүй, хэн ч хянахгүй, шүүмжлэл, өрсөлдөөн байхгүй, тэнхим, хичээл, хөтөлбөр нь тус бүрийн оршин тогтнож байх бизнесийн хэмжээнд очсон. Хөтөлбөрт нь салхи орсон уу, сүүлийн үеийн мэдээ, баримт, нээлтээр баяжиж байна уу? гэдэг асуултыг МУИС-д тавьдаггүй.
Оюутан нь нийгэмшихгүй, хязгаарлагдмал хүрээнд баригдсаар дөрвөн жилийг өнгөрүүлдэг байдлыг үндсээр нь халах өөрчлөлт төлөвлөжээ. Эхний хоёр жилдээ хатуу хүрээ, ангид хуваарилахгүй өргөн хүрээтэй боловсрол олж авдаг, жинхэнэ ёсоор сэхээтний эгнээнд орох суурь нь тавигддаг, жишээ нь, зөв бичдэг, санаа бодлоо илтгэдэг чадвартай, өөрийгөө нээдэг, 3 дугаар курсээсээ мэргэжлээ сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Нээлттэй өрсөлдөөн, чөлөөт сонголт бодит зүйл болсноор “Манайх сайн багштай. Миний хичээл ийм сонирхолтой” гэж оюутныхаа төлөө өрсөлддөг, урин дууддаг, сайжруулдаг, борлогдсон нь илүү, хэрэгцээгүй нь бага цалин авдаг, сонгогдохгүй бол халагдах хүртэл хөшүүрэг ажиллаж эхэлнэ гэсэн үг. МУИС-ийн хоёр докторын нэг нь дарга учраас хичээл заадаггүйн зэрэгцээ зэрэг цол авсан хүмүүсийн дийлэнх нь дотоодод төгсөгчид байгаа нь сонирхолтой үзүүлэлт юм. Дэлхийн шилдэг сургуулиудад мастер хамгаалсан, төгссөн багш нар дотоод сүлжээнд нэгдээгүй учраас МУИС-д эрдмийн зэрэг хамгаалах нь цөөн. Аль болох гадаадын шилдэг сургууль дүүргэсэн байх тусмаа гадуурхагддаг, чөлөөт өрсөлдөөн байхгүй боомилогддог явдал түгээмэл тохиолддог байна. “Багш бол хаан” гэдэг хэвшмэл хандлага “Оюутан хаан” гэсэн зарчмын шал өөр тогтолцоонд тулгуурлана гэсэн үг.
Дараагийн нэг тулгуур реформ, тогтолцооны шинж чанартай шинэчлэл нь албан тушаалтан, нэгжийн өөрчлөлт юм байна. Давхардсан сургууль, тэнхмийг татан буулгаж, багш нар заадаг хичээл, мэргэшлээрээ нэгдэнэ. Биеийн тамирын багш харъяа 16 сургуульд дамжиж хэсэхгүй. Багш нар хамтран судалгаа хийнэ, зөвлөх үйлчилгээ эрхэлнэ, хөтөлбөр боловсруулна, үнэхээр докторууд эрдэмтэд гэдгээ нотлон харуулж илүү орлого олох оюун ухааны хөдөлмөр чадвараа үнэлүүлэх боломж нээгдэнэ. Дээр дурьдсанаар зөвхөн дарга захирал, эрхлэгч, багш биш ажилтны цалинд урсдаг 700 сая төгрөг хэмнэгдэнэ. Зайлшгүй шаардлагатай ажилтны орон тоо, оногдсон талбайгаа цэвэрлэдэг үйлчлэгчээс бусад нь чөлөөлөгдсөнөөр 316 ажилтан 100 болж цөөрөх болж байна. МУИС-д оюутанд зориулсан чөлөөлөлт эхэллээ гэхээр өөрчлөлт энэ өдрүүдэд эхэллээ.
Тулгын гурван чулуу, тулгуур гурван зарчмын өөрчлөлтийн нэг нь Санхүү, барилга байгууламжид зориулагдана. Дарга, захирал, эрхлэгч нарын тусгайлан конторлодог 1400 метр квадраттай 36 өрөө суларч сургалтын танхим, судалгаа хийх талбар нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл даргын суудаг өрөө багш, оюутандаа зориулагдана. Зай талбай багатай, ихэнх зардлаа олон оюутныг янз бүрийн давхардсан мэргэжлээр элсүүлдэг учраас МУИС доторх түгжрэл, бөглөрөл арилна. Техник хэрэгсэл, багаж төхөөрөмж, сургалт, судалгааны орчин нөхцөл хязгаарлагдмал хумигдмал орон зай тэлнэ. Сургууль бүр тус тусын сургалт, санхүүгийн албатай, өөр хоорондын уялдаа нэгдсэн бодлого, төлөвлөлт, хяналтгүй явж ирснийг зогсоож байна. Нэгдсэн удирдлагатай, хяналт, судалгаатай, онлайн автоматжуулсан кредит системтэй, электрон номын сан, кампус, контентын мэдээллийн нэгдсэн сүлжээтэй, бүх зүйл амар бөгөөд ойлгомжтой, далд нь ил болох бодлого юм. Оюутанд сонголт хөрвөх чадвартай боловсрол олгож, хөдөлмөрийн зах дээр борлогдох, мэргэжлээ зөв сонгож мэргэших, өргөн олон талын мэдлэгтэй байх, толгой чадлаараа хоолоо олж идэх төдийгүй ганц олдсон хувь заяагаа өөрөө бүтээх зам нээх гэж зарчмын, тогтолцооны өөрчлөлт шинэчлэл эхэлж байна. Оюутан Та хаан. Дээд боловсролын чанарын өөрчлөлт эрдмийн ууган уурхай МУИС-аас эхлэн бодитой хэрэгжвэл бусад сургуульд ч гэрэл гэгээ нь түгэх жишиг загвар тэр болно. Аливаа шинэчлэл бүхэн өөрийн эсэргүүцэгчтэй байдаг зүй тогтлоо 4 багштай тэнхимаа авч үлдэх гэсэн, өрсөлдөөнд орохгүй монполь байдлаа хадгалах гэсэн, эцсийн дүнд хувийн эрх ашгаа дээдэлсэн сөрөг хүч эхэндээ гарах л байх. Монголын өнөөдрөөс сайхан маргаашийн эзэн оюунтан, оюутан залуус хувь тавилангаа сонгон бүтээх шинэ өдрүүдийн нарыг хаах боломж л үгүй.