Р.Амаржаргал: Би удахгүй мэдэгдэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: Би удахгүй мэдэгдэл хийнэ

Твиттер жиргээчдэд өчигдрийн хувьд хамгийн олонтаа дамжин түгсэн мэдээлэл бол Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан тухай байлаа. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй Р.Амаржаргал ч өөрөө жиргээчдийн нэг бөгөөд “Улсын Их Хурлын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад уламжиллаа”  хэмээн мэдээлсэн юм.

Ингээд жиргээний ертөнцөд өмнө нь гишүүнээсээ татгалзсан У.Хүрэлсүхийг дурсч, одоо АН-аас сонгогдсон Р.Амаржаргал гишүүнийхээ эрхээс татгалзахаар шийдсэнийг зөв, буруу хэмээн талцав. Энэхүү шийдвэрийг нь “Танилц, Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч Р.Амаржаргал” гэж товчхон дүгнэх жиргээч ч байлаа. Мөн түүнийг орлох гишүүдийг ч хэдийнэ тодруулчихав. Сонгуулийн дүнгээр  Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч удаалсан дүнгээр дүгнэлт хийгсэд Р.Амаржаргалын оронд Ч.Ганхуягийг орж ирэх нь тодорхой гэж таамаглагчид олон гарч ирэв. Гэхдээ л Р.Амаржаргалын суудлын хувьд тойрогт өрсөлдөж сонгогдсон тул хуулийн дагуу нөхөн сонгууль явуулна гэдгийг ойлготлоо нэлээд “халуурсан” жиргээчид ч байлаа.

Энэ бүхний эцэст Р.Амаржаргалын нэмэлт тайлбарыг сонсчих хүсэлтэй хүмүүс цөөнгүй байгаа нь ажиглагдаж байв. Хэвлэлийнхэн ч Р.Амаржаргалын хойноос хөөцөлдөж, ганц хоёр үг унагачих гэж гүйлдсэн аж. Энэ бүхний эцэст Р.Амаржаргалаас “Би удахгүй албан ёсоор мэдэгдэл хийнэ. Би одоогоор тайлбар хийхгүй” гэх товчхон тайлбар гарав. Өөрөөр хэлбэл, өчигдрийн сенсаац, таамаглал, дүгнэлтүүд өнөөдөртөө ч мөн үргэлжлэх нь тодорхой болов.

Жиргээчдийн дунд өрнөсөн өөр нэг онцлох сэдэв бол эрүүл мэндийн салбарын асуудлууд байлаа. Өчигдрийн хувьд “Н.Удвалын чих хангинасан уу” гэмээр шүүмжлэлт үгс урьд урьдынхаасаа хүчтэй өрнөв. “МҮХАҮТ-аас 1350 иргэнийг хамруулсан хүнд суртлын судалгаа хийхэд ЭМЯ нэгдүгээр байрт орсон байна”, “Нэр авч амжилгүй өнгөрсөн нярай, бяцхан Маралжингоо, тааз ширтэн хэвтэх Хонгорзул нар бол эрүүл мэндийн салбарын байгаа царай” гэх жиргээнээс эхлээд УДВАЛ УДВАЛ гэх Ньюс.мн сайтад хөндсөн бичлэгийг ч дамжуулж байлаа.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж