-Шүүгч нарын цалин нэмэгдэхийн хэрээр бусдаас авах авлигын хэмжээ өснө гэдэг шүүмжлэл гарах боллоо. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
П.Цагаан: Шүүхийн төсвийг өмнө нь Хууль зүйн яам, Сангийн яам Засгийн газарт өргөн барьдаг байсан бол ирэх оны төсвийн жилээс эхлээд Шүүхийн Ерөнхий зөвлөл шууд УИХ-д өргөн барьж байгаа. Шүүхийг төсвөөс хараат бус байлгах нь энэ өөрчлөлтийн гол зорилго. Шүүхийн төсвийг нэмэгдүүлсэн нь нийгэмд шударга ёс тогтоох баталгаа бий болгоход зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой. Үүний үр дүн нь шүүгч нар хар цагааны дэнсийг зөв тогтоодог болох юм.
-Шүүгч нар авилга хээл хахууль авч, шүүхээр ял шийтгэл авсан тохиолдлын талаар судалгаа байна уу?
П.Цагаан: Ерөнхийлөгчийн тамгын газарт ийм төрлийн өргөдөл гомдол байнга ирдэг. Шүүгч нар шударга бус шийдвэр гаргалаа, бусдаас мөнгө авч хэргийг нөгөө талд шийдлээ гэдэг гомдол ирсээр байгаа учир шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн.
Ч.Өнөрбаяр: Авлигын индексээр олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигатай тэмцэх байдалд ахиц гарч байгаа ч шүүх эрх мэдлийн хүрээн дэх авилгатай тэмцэж чадахгүй байна гэж гарсан. Тиймээс хууль шүүхийн салбарын авлигатай тэмцэхийн тулд энэ төрлийн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөх байцаах албанд бус АТГ-т шилжүүлэн шалгаж байхаар хуульд тусгаад байна.
– Ирэх сардаа багтаж бүх шүүхийн шүүгчийг томилно. Шүүгч нарын гаргасан шийдвэрт анализ хийх ажлын хэсэг тэр олон зуун шийдвэрт нэг бүрчлэн дүгнэлт хийж амжих уу?
П.Цагаан: Гол нь өмнө нь гаргасан шийдвэрт нь анализ хийх. Нэг шүүгч 50 хэрэг шийдвэрлэсэн байлаа гэхэд тодорхой хувь нь давж заалдах, хяналтын шатны шүүхээр орно. Хэдэн хэрэг нь хэвээр батлагдаж, хэд нь хэрэгсэхгүй болсон талаар тоо гараад ирнэ. Яагаад өөрийнх нь гаргасан шийдвэр өөрчлөгдсөнийг судлахаар хууль илт буруу хэрэглэсэн, нэг талыг барьсан шийдвэр гаргаж байсан уу гэдэг нь харагдана. Анхан шатны 70 мянга гаруй шийдвэр байгаа. Ажлын хэсэг шинээр томилогдох 360 гаруй шүүгчийн хэргийн шийдвэрлэсэн байдлыг түүвэрчилж аваад дүгнэлт хийх юм. Хүчингүй болсон, өөрчлөгчдсөн шийдвэрүүдэд анализ хийнэ. Тэгэхээр хугацаандаа хангалттай амжих ажил.
Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгчийн тамгын газарт өнгөрсөн хугацаанд шүүүхтэй холбоотой гомдол, санал багагүй ирж байсан. Энэ гомдлуудыг бид шүүж үзэж байна. Дээрээс нь хэн гэдэг шүүгчид хэдэн гомдол ирсэн талаарх тоон мэдээллийг архиваас гаргаж судалж байна.