Гадаад өр нэмэгдүүлэхийг МАН дэмжихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Гадаад өр нэмэгдүүлэхийг МАН дэмжихгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.11.11/  ээлжит хуралдаанаа хийлээ.

Бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.  Хэлэлцсэн асуудлын хүрээнд МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан МАН-ын бүлгийн ажлын хэсэг УИХ дахь бусад намын бүлгүүдийн ажлын хэсгүүдтэй төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танах, хэмнэх чиглэлээр зарчмын хувьд тохиролцоонд хүрээд байгаа аж. Харин МАН-ын бүлгийн хувьд хуульд заасан өрийн босгыг өсгөх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан "… улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна" гэсэн заалт цаашид мөрдөгдөх ёстой гэж үзэж байна.

 Учир нь өрийн босгыг 50 хувь болговол Засгийн газарт 2.5 их наяд төгрөг буюу 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл гаднаас авах боломж бий болно. Энэ хэмжээг 60 хувьд хүргэвэл таван их наяд төгрөг буюу 3.5 тэрбум ам.долларын зээл авах боломж бүрдэх юм байна.

1990-2012 онд гадаад өрийн хэмжээ 2.4 тэрбум ам.доллар байсан бол 2012-2013 онд буюу ганцхан жилийн дотор 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын хүссэнчлэн 2013-2014 онд Монгол Улсын өрийн хэмжээг 3.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж тооцвол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй.  Өөрөөр хэлбэл, 1990 он хүртэл социализмын үед авсан 11 тэрбум ам.долларын "их өр"-өөр 330 суманд цэцэрлэг, сургууль, 21 аймагт үйлдвэр аж ахуйн нэгж, орон сууц, Улаанбаатар орон сууцны томоохон хорооллууд, олон үйлдвэр барьж байгуулсан. Дархан, Эрдэнэтийг бүтээн босгосон. Гэтэл нэгхэн жилийн дотор 20 гаруй жилийнхтэй тэнцэхүйц өртэй болсон нь шинэчлэлийн гэх Засгийн газрын тооцоогүй, алсын хараагүй бодлоготой холбоотой гэж МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт онцоллоо. Засгийн газар өнгөрсөн хавар 2015-2016 оны төсвийн төсөөллийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ өрийн хязгаарыг 40 хувьд бариулна гэж амлан батлуулсан. Сарын өмнө УИХ-д өргөн барьсан хоёр ч хуулийн төсөлд энэ хувь хэмжээг зөрүүтэй тусгасан  гэж тэрбээр хэллээ.

Оюутнуудад сар бүр тэтгэлэг олгох хэрэгтэй

 МАН-ын бүлэг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухайд УИХ-аар анх хэлэлцэж баталсны дагуу оюутан бүр тэтгэлэг авах ёстой, хамрах хүрээ нь өөрчлөгдөх шаардлагагүй гэж үзжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү үндэсний тэтгэлгийг оюутнуудын нийгмийн баталгааг хангах үүднээс УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан.  Энэхүү  тэтгэлэг оюутны өөрийнх нь нэрийн дансанд ордог. Хэрвээ их, дээд сургуулиудад  босго тавивал 160 мянган оюутны дийлэнх нь үндэсний тэтгэлэг авч чадахгүйд хүрнэ гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ. 

Төсвийн урсгал  зардлыг танаж, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараах асуудал бол цалин, тэтгэврийг  нэмэгдүүлэх асуудал байлаа. Цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхийн тулд төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарим зардлыг танах ёстой. Ингэснээр төсвийн урсгал зардлаас 170 тэрбум, хөрөнгө оруулалтаас 220 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх бөгөөд цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна. Ирэх оны төсвийг эрүүл, бодитой  болгохын тулд ижил хүчин чадалтай ямар ч объектийг бол ижил  өртөгтэй байлгах, валютын ханшийг бодит байдалтай нь уялдуулах шаардлагатай гэж үзэж байна. Ирэх оны төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөг байхаар тооцсон нь бодит байдлаас хэт зөрүүтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1716 төгрөгтэй тэнцэж байгаа учраас төсөвт ханшийг бодит  байдалтай ойртуулан тусгах хэрэгтэй гэж үзэж байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж