Дэлхийн цом үзэхийн тулд Бангладеш үйлдвэрүүдээ хаана

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн цом үзэхийн тулд Бангладеш үйлдвэрүүдээ хаана

Бангладешийн эрх баригчид нийслэл Дака хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийг Өмнөд Африкт болж байгаа Хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээнийг дуустал оройн цагаар ажиллахгүй байхыг хүссэн шийд даваа гаригт гаргасан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. “Бид үйлдвэрүүдийг орой бүр таван цагт хааж байх тухай тогтоол гаргасан. Ингэснээр бид цахилгаан хэмнэж хүмүүст зурагтаараа тоглолт үзэх боломж олгоно гэж найдаж байна. Энэ бол эдийн засгийн талаасаа алдагдалтай хэдий ч үүнээс өөр арга алга” гэж Дака хотын цахилгаан түгээх компанийн захирал Салех Ахмед ярьж байна. Дэлхийн цомын тэмцээн долдугаар сарын 11-нд дуусна. Бангладеш хөлбөмбөгийн чансаагаар дэлхийд 157-д бичигддэг бөгөөд баг нь Тажикстаны багт 6:1-ээр ялагдсан юм. Гэсэн ч тус улсын иргэд хот хөдөө, хөгшин залуугүй хөл бөмбөгийн улаан хорхойтнууд гэнэ. Бямба гаригт тог тасарсны улмаас тоглолт үзэж чадаагүйд бухимдсан хөлбөмбөгийн фэнүүд хэд хэдэн цахилгаан сүлжээний газар луу дайрч эвдэн сүйтгэсэн ба 30 орчим хүн гэмтэж бэртэж, хотын төвд 20 орчим автомашиныг эвдэж сүйтгэсэн байна. Хэдэн зуун цагдаа нар оролцож байж гарсан үймээн бужигнааныг арай гэж дарж, хяналтад оруулсан байна.

Засгийн газрын хөрөнгө оруулалттай хоёр цахилгаан түгээх агентлаг 12 сая хүнтэй нийслэл Дака хотод цахилгаан түгээдэг бөгөөд үдэш бүр нэг цаг цахилгааны хязгаарлалт хийдгээ 30 минут болгож бууруулах шийд гаргаад байна. Аж үйлдвэрийн байгууллагад цахилгааны хязгаарлалт хийх шийдвэр нь 5,000 орчим үйлдвэр заводод нөлөөлөх юм байна. Бангладеш 150 сая хүнтэй бөгөөд түүний зөвхөн 30 орчим хувь нь цахилгаан хэрэглэдэг ба цахилгааны хэрэглээ нийлүүлэлтээ даван улам өсч байгаа тул цахилгааны тасалдал элбэг байдаг гэж албаны хүмүүс ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж