Шүүгчийг томилохдоо иргэдээс мэдээлэл авна

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Шүүгчийг томилохдоо иргэдээс мэдээлэл авна

Шүүгчдийг сонгон шалгаруулах,  томилох асуудал нээлттэй бус, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үзэмжээр шийдэж  байна гэдэг шүүмжлэл байсан.  Энэ асуудлыг Шүүхийн тухай хуулиар өөрчилж шүүгч нарыг сонгон шалгаруулах, томилох  журам нээлттэй болсон юм.  Энэхүү шинэтгэлийн хүрээнд  боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулиар  Монгол Улсын шүүхийн тогтолцоог шинэ системд шилжүүлж, анхан  шатны 57 шүүх, давж заалдах шатны 21 шүүх байхаар хуульчилсан. Тиймээс  Улсын дээд шүүхийн шүүгчдээс бусад шүүгчийг хуучин албан тушаалаас нь  чөлөөлж шинэ албан тушаалд томилох болоод байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн  Тамгын  газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ.

Энэ хүрээнд  шүүгчийн албан тушаалд  шинээр болон дахин томилогдох гэж буй  шүүгчдийг сонгон шалгаруулах, тэдний талаарх мэдээллийг олон  нийт, иргэдээс авахаар болсон байна. Нэр дэвшиж буй шүүгч нарын мэдээллийг олон нийтэд ил мэдээлэх бөгөөд  тухайн шүүгчийн мэргэжлийн  ёс зүй, ур чадварын талаарх санал бодлоо ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор delgermaa@president.mn  хаягаар ирүүлэх боломжтой  аж. Иргэдээс ирсэн мэдээлэл болоод  тухайн шүүгчийн өмнө нь гаргасан шийдвэрт дүгнэлт судалгаа хийж ирэх сарын сүүлээр анхан болон давж заалдах шатны  шүүхийн шүүгчдийг томилох юм байна.

 Шүүгчийг дахин томилох болсонтой холбогдуулан тухайн  шүүгчийн  гаргасан шийдвэр давж заалдах болон хяналтын  шатны шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хөндлөнгийн  дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна.

Шүүгчийн албан тушаалд  томилогдох шүүгч нарын нэрсийн жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх юм байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж