Сагсан бөмбөгийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. 19 хүртэлх насны залуу тамирчид оролцож буй тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй зургаан багийн тамирчид өрсөлдөж буй юм. Хөдөө, орон нутгаас Хөвсгөл, Эрдэнэт, Дорноговь аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багануураас тамирчид оролцож байна.
Тэмцээнийг Доржпаламын Даваахүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж буй. Тэрээр 18 наснаасаа улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, холын шидэлтээрээ алдаршсан, Монголын сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн байсан юм. Д.Даваахүү мастер бага залуу наснаасаа өөрийгөө таниулж, МУИС-д оюутан байхдаа хэзээ ч дийлдэггүй байсан “Алдар” нийгэмлэгийн багийг хожин, улсын аварга болж, шуугиан тарьж байжээ.
19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд баасан гаригт тодорно.
С.ЦЭЛМЭГ