Шинзо Абэ Япон брэндүүдээ борлуулах эрэлд мордлоо

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ Япон брэндүүдээ борлуулах эрэлд мордлоо

Шинзо Абэ Япон брэндүүдээ борлуулах зах зээлийн эрэлд мордлоо

Японы экспорт буурчээ. Үүнээс болж төсвийн алдагдал нь ч нэмэгдэв. Энэ бүгд нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тийм ч учраас Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Азийн орнуудад айлчилж, экспортод гар­гах бараа бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээлийг эрэлхийлж явна.

Япон бол экспортод түшиглэн эдийн засгаа хөгжүүлсэн орон. Гэвч өнгөрсөн есдүгээр сард Хятадын экспорт буурахтай зэрэгцээд гадаад худалдаа нь түлхүү хөгжсөн бусад орны эдийн засгийн үзүүлэлтүүд ч суларсан байна. Тэр дунд нь Япон багтжээ. Японы төв банк иенийн ханшийг сулруулах бодлого ба­римталж, их хэмжээний иен хэвлэн гаргах болсон. Иенийн ханш сул байж гэмээнэ Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ багасч, олон улсын зах зээл дээр эрэлттэй байх юм.

Гэвч Японы төв банкны бодлого ч үр дүнгээ өгөхгүй байгаа бололтой. Түүнээс гадна иенийн ханш сул байгаа нь Японд инфляци нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Учир нь тус улс шатахуунаа импортолдог билээ. Шинзо Абэ Японы Ерөнхий сайд болсныхоо дараахан эдийн зас­гаа өргөжүүлэхэд онцгой ан­хаарал хандуулах болсноо мэдэгд­сэн. Тэрбээр төв банкныхаа тэр­гүүнийг сольж, Засгийн газар болон төв банкны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруу­лахаар зорьж байв. Эдийн за­саг­чид түүний баримталж буй бод­логыг “Абэномик” хэмээн нэр­лэж байсан юм. “Абэномик”-ийн ачаар Японы эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд нэ­мэгд­сэн. Гэвч тус улсын дотоод эрэлт хэт бага байгааг эдийн засагчид анхааруулж байсан юм. Тиймээс гадаад зах зээлээс хамаарч экс­портын орлого нь буурсан тухай мэдээлэл цацагдсаны дараахан Япо­­ны төв банк дотоод эрэлтээ нэмэг­дүүлэхэд анхаарна хэмээн мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр эрэлтээс хамаарч инфляциа өсгөх сонирхол ч байгаа аж. Ийнхүү төв банкныхан нь эрвийх дэрвийхээрээ хөдөлж байх зуур Шинзо Абэ хилийн чанад дахь айлчлалуудаа үргэлжлүүлсээр байна. Тэрбээр гүйцэтгэх засаг­лалын тэргүүн болоод ердөө 10 сар өнгөрч байгаа ч маш олон оронд айлчилжээ. Харин үүнийг нь Японы экспортыг нэмэгдүүлэх оролд­логынх нь нэгээхэн хэсэг гэж тайл­барлах шинжээчид ч байгаа юм.

Шинзо Абэгийн хувьд хамгийн сүүлд Туркт айлчилсан. Энэ үеэрээ Истанбулаар дамжуулан Ази, Ев­ропыг холбосон төмөр замын хоо­лой барих 10 жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Японы Засгийн газраас 1.5 тэрбум ам.долларын зээл авсан “Тайсей” компани энэхүү төслийг гардан гүй­цэтгэх аж. АНУ, Европоос хэт ха­мааралтай Япон улсыг Мьянмар, Энэтхэг, зүүн Африктай холбох сонирхолтой байгаагаа ч Шинзо Абэ нуу­сангүй. Тэрбээр ажлаа хүлээж авснаас хойш 23 оронд айлчилж, бусад улс орны эрх баригчидтай хамтарч 110 удаагийн уулзалтыг зохион байгуулсан тухайгаа ярьсан байна. Мөн “Би улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө цаашид олон айлч­лал хийх болно” гэсэн юм. Ямар­тай ч энэ оны нэгдүгээр сараас есдү­гээр сар хүртэлх хугацаанд Япо­ны Засгийн газрын байгуулсан бү­тээн байгуулалтын төслийн нийт өр­төг 5.04 их наяд иен буюу 51 тэр­бум ам.доллараар хэмжигдэж бай­на. Өнгөрсөн оны мөн үед энэ тоо 3.20 их наяд ам.доллар байсан юм.

Японы хүн амын дийлэнх нь хөгширч, тэтгэвэрт гарагсдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Энэ нь эдийн засагт маш том сөрөг үр дагаврыг авчрах нь тодорхой юм. Учир нь төрөөс тэтгэвэр, халамжид зарцуулах хөрөнгө нэмэгдэж, харин ажиллах хүчний тоо багассаар байна гэсэн үг. Тиймээс алс хэтээ бодох юм бол тус улс эдийн засгаа удаан хугацаанд тогтвортой байлгахад одооноос анхаарах нь зүйтэй болж байна. Түүнээс гадна Японы хам­гийн том өрсөлдөгчид бол Хятад бо­лон Өмнөд Солонгос. Энэ хоёр орон ч бас экспортоос хараат бай­даг. Тиймээс тэднээс өрсөн зах зээ­лээ тэлэх сонирхол япончуудад бай­на.

Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас бүтээн байгуулалтын салбар дахь Япон, Хятад, Өмнөд Солонгосын экспор­тыг харьцуулсан судалгаа гаргасан байдаг. Үүнд дурьдсанаар бол 2005 онд дээрх гурван орон эл салбарт тус бүр 20 орчим тэрбум ам.долларыг зарцуулж байв. Тэгвэл 2010 он гэхэд Хятад, Өмнөд Солонгосын Засгийн газраас зарцуулах хөрөнгийн хэм­жээ өсч, харин Японых хэвэндээ үлдсэн байна. Энэ байдал цаашид ч үргэлжилсээр байсан юм. Уг нь бүтээн байгуулалт гэдэг бол эдийн засгийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангах боломжтой салбар гэж эдийн засагчид үздэг билээ. Гэхдээ Шинзо Абэгийн энэхүү бодлого Японы улстөрчдөд бүгдэд нь таалагдахгүй байгаа юм. Тэдний зарим нь Японы эдийн засаг гадны зах зээлээс хэт хамаардаг байдал нь цаашид улам дэврэх вий хэмээн болгоомжилж байна. Мөн Засгийн газраас иенийн зээл гаргаж, гадаад худалдаанд баталгаа өгч байгаа зэрэг нь маш эрсдэлтэй алхам гэж тайлбарлах хүн ч байгаа аж.

Нөгөөтэйгүүр Өмнөд Солон­госын тал “Японы ийм оролдлого нь хэмжээ хязгаартай” гэж тайл­барлаж байгаа аж. Энэ талаар Өм­нөд Солонгосын Засгийн газрын судалгааны төвийн шинжээч Сун Чун Жан ярьсан байна. Түүнээс гадна Японы том корпорациудад өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулах сонирхол төдий л их биш байгаа юм. Тэдний хувьд Мьянмар, Филиппин мэтийн ор­нууд нь хямд ажиллах хүч ихтэй гэдгээрээ л анхаарал татаж байгаа бололтой. “Самсунг электроникс”-ын гүйцэтгэх захирал асан Рёозо Ёшикава “Японы бизнесмэнүүдийн энэ хандлага өөрчлөгдөхөд их хугацаа хэрэгтэй” гэж дүгнэжээ.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж