Мао Асада Токиогийн Гран прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Мао Асада Токиогийн Гран прид түрүүллээ

Японы Мао Асада Токиогийн Гран прид түрүүлснээр "Grand Prix Final"-д оролцох болзлоо хангалаа.

Олон улсын тэшүүрийн холбоо(ISU)-ны энэ улирлын дөрөв дахь Гран при тэмцээн Японы Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд (11.08-10) боллоо. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы нэрт уран гулгагч Мао Асада 207.59 оноогоор түрүүллээ. Дэлхийн хоёр удаагийн аварга, олимпийн мөнгөн медальт Мао Асада NHK Trophy-д дөрөв дэх удаагаа (2006, 08, 12, 13) түрүүлээд байна. ОХУ-ын Елена Радионова (191.81), Японы Акико Сукуки (179.32) нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Өнгөрөгч сард Америкийн Гран прид хүрэл медаль хүртсэн, ОХУ-ын залуу уран гулгагч, 14 настай Елена Радионова Токиогийн Гран прид шилдэг гулгалтыг үзүүллээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Японы Дайсуки Такахаши 268.31 оноогоор түрүүлж, Нобунари Ода (253.16), АНУ-ын Жерми Абботт (237.41)мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

Сануулахад, энэ сард Парис /11.15-17/, Москвагийн /11.22-24/ Гран при тэмцээн болж, 2013–2014 Grand Prix Final өрсөлдөх гулгагчид тодрох юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж