Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Энд чухалчлах содон өдөр бол 1990 оны цагаан морин жилийн гуравдугаар сарын 14-ний өдөр. Энэ өдөр АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэргэнцэртэй жагсаалыг цагдаагийн хүчээр тарааж, арван хэдэн хүнийг баривчилж ардчиллын ариун нэрийг сэвтүүлснийг интернэт цахим хуудсандаа тэмдэглэн үлдээжээ.

Тэгтэл Монголд МАХН-ын Улс Төрийн Товчоог бүх бүрэлдэхүүнээр нь огцруулсан мөнөөх VIII бүгд хурал өндөрлөж, эцсийн түүхэн шийдвэрүүдээ баталсан тухай онц чухал мэдээг Монголын хэвлэл мэдээлэл энэ өдрийн шарласан хуудсандаа бичиглэн үлдээжээ.

Харин иргэний салбарт Монголын эмэгтэйчүүдийн нэр алдрыг дэлхийн дэвжээнд цуурайтуулах одонд заяагдсан нэг алдарт бүсгүй хүүхэд мэндэлснийг иргэний бүртгэл мэдээлэл албан ёсоор бүртгэн баталгаажуулжээ.

Энэ бүсгүй бол “манай Урнаа” байлаа. Манай Урнаа бол гэр орныхондоо ч манай Урнаа, ЖЕНКО клубтээ ч манай Урнаа, Бөмбөгөр, Баян-Овоо сумдад ч манай Урнаа, Баянхонгор аймагт ч манай Урнаа юм. Ерөөс манай Урнаа бол Монгол Улсдаа манай л Урнаа. Манай Урнаа тэгэхлээр Монголын бүх ард түмний хайртай Урнаа мөн байж таарав. “Манай Урнаа” гэж дэлхийн аваргын алтан медальт, жүдоч Мөнхбатын Уранцэцэгийг хэлж байна. Тэрхүү 14-ний үүрийн таван жингээр Баянхонгор аймгийн төрөх тасагт хадаасан Урнаагийн цовоо цолгин дуу 23 жилийн дараа Бразилийн Рио де Жанейро хотоос даян дэлхий даяар дуурсан цуурайлах Монгол төрийн сүлд дууны угтал аялгуу байсан юмсан уу хэн мэдэх билээ. Төрсөн өдрийн төөрөг гэж байдаг хойно нэг дохио өгсөн л байлгүй яав гэж.

БӨМБӨРЦГИЙН ЗУЛАЙ ДЭЭР “БӨМБӨГӨРИЙН УРНАА” ЦАХИУР ХАГАЛАВ

Энүүхэн хэсэгт оноосон гарчиг заримын чихэнд баахан хөөрүү сүржин сонсогдож мэднэ. Тийм ээ, Бөмбөгөрийнхөн одоо л онгирохгүй юм бол хэзээ онгирохсон билээ. Монголын өнөө үеийн 1.4 сая бүсгүйчүүдээс хэн нь ч гаргаагүй байсан амжилтыг гагцхүү манай Уранцэцэг гаргалаа. Түүнийг дийлэх бяр тэнхээтэй, түүнээс илүү уран дархан мэхтэй барилдаанч бүсгүй тэр жингийн дэлхийн жүдочдод энэ удаа хараахан байсангүй. Манай цэнхэрхэн гаригийн үе тэнгийн барилдаанч бүсгүйчүүд манай Монголын Урнааг үнэндээ хүчирсэнгүй. Чингэхлээр Баянхонгорынхон байгаагаараа, Бөмб өгөрийнхөн бөөнөөрөө бахархан баярлахгүй хэнэггүй царайлах юм бол хүмүүний ёс хазайх болно. Цаашдаа үүнээс том амжилт гаргах найдвар бий. Дэлхийгээс авч болсон алтыг олимпоос авч болно гэж хэлэх гээд байна. Яагаад болохгүй билээ. Болохын дээдээр болно. Гэвч бардаж болохгүй. Түүх авгай манайхныг ийм омог бардам агаад хэрсүү сэтгэхүйгээр дөгөөж байна.

Тухайлбал XIX зууны дүнд үеийн Даншиг наадмын түрүүг бярдаж аваад түүнээсээ гайтан өлбөрч өөд болсон Бөх Цагаан гэж аугаа хүчтэн байсныг нотлох хөшөө дурсгал, түүх домог нь бэлээхэн байж байна. Бөх Цагааны ээжийн дүү болох, намрын тарган бүдүүн угалзын махыг өртөө газар үүрээд явж асан “ханхир” Дагдан гэж бас их тэнхээтэй нөхөр байсны үр сад нь одоо байж л байна. Дагдан бээр зургаан хүүхэдтэй байсны нэг нь Дулам гэдэг охин байж. Дулам бээр Цэрэндоо гэдэг хүүтэй байж. Цэрэндоо бээр Бүжинлхам гэдэг охинтой байж. Бүжинлхам бээр Цэрмаа гэдэг охинтой байж. Цэрмаа бээр Уранцэцэг аваргын ээж нь юм байна. Ургийн хэлхээ ийм л байна. Энэ мэдээ занги манай Урнаад бяр хүч нэмдэггүй юм гэхэд урам зориг өгч л байгаа. Бөх Цагааны бүх хамаатан садан бол тэр үеийн Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошууны Туслагчийн баг, одоогоор Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн Ямбат нутгийн хүмүүс мөнийг энд цохон хэлье. Уранцэцэгийг “Бөмбөгөрийн Урнаа” гэж элгэмсэн нэрлэхийн оосор бүч эндээс уяатай юм.

Уранцэцэгийн цусан төрлийг энэчлэн онцлохдоо эцгийн талын нөлөөг огтхон ч үгүйсгээгүйг хэлэх байна. Ерөөсөө Уранцэцэгийг Бөх Цагааны чадал тэнхээг өвлөж төрсөн бүсгүй гэж хэлэх боломж надад байхгүй. Огт хамааралгүй хэмээн үгүйсгэх бас хэцүү. Зөвхөн тэр домогт хүний садан төрөл мөн болох баттай учиг байгааг л дуулгаж байна. Бөх Цагааны амьд ахуйдаа зориуд босгосон том чулуун хөшөө Өлзийт голын Дэвхрэгийн ам гэдэг жалгын хажуу эрэг дээр байдаг байсан. Тэгтэл доод газар нь үерт олон жил ухагдаж байгаад наяад оны эцсээр уначихсан юм билээ. Тэгэхэд нутгийн хашир өвөгчүүл “Одоо л манай эндээс сайн бөх төрөх болно” хэмээн хөөрөлдөж суусан гэдэг. Тэгсэн чинь хоёр жилийн дараа Уранцэцэг мэндэлсэн байна. Урнаагийн аав нь басхүү бөхийн удамтай гэсэн. Эцэг нь манай Бөмбөгөрийн хил залгаа Баян-Овоо сумын иргэн агаад, наадамд гурван даваатай, найранд гурван дуутай А.Мөнхбат гэж хүн байгаа юм байна. Түүний ах Цэдэвсүрэн нь Баянхонгор аймгийн заан хүн гэсэн. Өвөө аав Арвин гуай нь алдарт уургач хүн гэнэ билээ. Ингэхлээр эцэг тал нь бас л бөхийн удамтай нь тодорхой байна.

Удам судар нь ямар их гайхамшигтай аугаа байлаа ч гэсэн Уранцэцэг бол ураг төрлийн механик хуулбар төдий биш, бие даасан бяр мэхтэй жинхэнэ бөх гэдэг нь харагдаж байна. Түүний шургуу хичээл зүтгэл, баттай итгэл үнэмшил, төрөлх авьяас билгийг бүхний дээд талд тавьж үнэлэх учиртай. Үнэн чанар нь тийм байгаа юм. Уранцэцэгийн хувьд бөхийн барилдаан бол зөвхөн ялах ялагдах, давах унахыг голлодог тэмцэлдээн төдий биш бололтой.

Барилдаан бүхэн түүний хувьд уран бүтээл байж таарна. Даваа бүхэн шинэ туурвил болдог биз. Тэмцээн бүхэн бөхийн урлагийн ид хавыг гайхуулах уран чадварын үзүүлбэр болдог гэж болох буй за. Барилдааны урлаг бол Уранцэцэгийн хувьд түүний амьдралын жинхэнэ утга учир мөн юм. Аль ч төрлийн бөхийн барилдааныг урлаг хэмээн дүйцүүлэн харах аваас Жүдогийн дэлхийн аварга болсноороо Монголын Уранцэцэг дэлхийд данслагдах хэмжээний сонгодог уран бүтээл туурвижээ хэмээн дүйцүүлж болно. Ингэж үнэлэх ч ёстой байх. Эдүгээ түүний аваргалсан барилдааны дүрс бичлэг орон оронд хувилагдаад судлагдаж байгаа байлгүй. Басхүү Монголын жүдод Уранцэцэгийн бие дааж туурвин бүтээсэн уран бүтээл хэмээн нэрлэж болох сүрхий даацтай өчих мэх байдаг гэж сонссон. Манай Урнаа бол дөнгөж хэл ба хөлд орсноосоо хойш л бөхийн ертөнцөд өөрийгөө зориулсан онцгой мэрийлттэй хүүхэд гэж түүний хүргэн нагац Батцэнгэл болон ээж, ах нар нь хэлэх юм билээ. Батцэнгэл бээр түүнийг бөх болох ирээдүйтэй байж болохыг дөнгөж таван настайгаас нь ажиж таньсан бололтой юм билээ. Бага сургуулийн хоёрдугаар ангид байхдаа л спортын ордны бөхийн секцэд заавал бүрт гүүл нэ хэмээн шалсаар байгаад ээжий гээ дагуулж очсон байдаг. Яс нь бэхжээгүй нялх амьтныг яалаа гэж бөхийн секцэд авах билээ. Гэмтээчихнэ шүү дээ. Тиймээс зургадугаар ангид орох хүртлээ дөрвөн жил тэсэж ядан хүлээсэн гэсэн. Ийм хүнийг л ясны бөх гэдэг байлгүй. Уранцэцэг шалавхан гэгч нь том болж барилдах юмсан гэж хэчнээн их хорхойсч, хүлээж ядаж байсныг үгээр хэлж мэдэхгүй ч зөнгөөр бид мэдэрч байна.

ЦЭРМАА, ЦЭВЭЛМАА ХОЁР

Цэрмаа бол дэлхийн аварга Уранцэцэгийг аминаасаа амь, ухаанаасаа ухаан, сэтгэлээсээ сэтгэл юугаа таслан өгч, хүний хорвоод төрүүлж өсгөсөн ачлалт ээж бүсгүй нь юм байна. Цэвэлмаа бол дэлхийн аварга Уранцэцэгт эрдмээсээ эрдэм, мэргэжлээсээ мэргэжил, туршлагаасаа туршлага таслан өгч унаган авьяасыг нь дэлхийн дэвжээнд хүргэн хөгжүүлж өгсөн багш хүн.

Уранцэцэг дунд ангидаа жүдогийн нэгэн томоохон тэмцээнд III байр эзлээд байх үед ээж Цэрмаа нь сонирхохоор очжээ. Гэтэл охин нь уйлчихсан, хүүхдүүд тойроод зогсчихсон, багш загнаад л байж. Охин ч ээжийнхээ дэргэд хүрээд очиж. Нүдээ улайтал уйлчихсан байхыг хараад эх хүний сэтгэл сэртхийлгүй яахав. Тэгээд “Би багштай чинь уулзаад хэд гурван үг хэлээдхэе” гэжээ. Тэгтэл охин нь:

-Үгүй, үгүй болохгүй. Багшийг зэмлэж огт болохгүй шүү ээж минь. Зуун хувь миний буруу байгаа юм гэж уйлагнав.

-Юу гэнэ ээ? Миний буруу гэв үү? Миний охин хүрэл медаль авсан гэж худлаа юм уу?

-Хүрэл авах нь авсан. Гэвч би алт авах учиртай байсан юм. Би алт авна гэж багшдаа амлачихсан, багш маань бүр итгэчихсэн байсан. Ер нь гарцаагүй алт авах бололцоотой байсан.

-Тэгээд?

-Тэгээд би алдаа хийгээд ялагдчихсан. Тэгэхээр багшийн уцаарлаж бухимдах нь аргагүй зөв шүү. Миний буруу. Ээж минь манай багшийг битгий буруутгаж зэмлээрэй. Ийм л бяцхан хөөрөлдөөн ээж, охин хоёрын хооронд сэмхэн болоод өнгөрчээ. Гэхдээ надад бол бяцхан зүйл биш санагдсан учраас энд хэрэг болгож тэмдэглэлээ.

Том тэмцээнээс хүрэл авчихаад багшдаа загнуулан уйлж сууна гэдэг сонин тохиолдол. Дөнгөж зургадугаар ангийн хүүхэд атлаа ээжээрээ өмөөрүүлэхээс эрс татгалзана гэдэг ч бас ховорхон үзэгдэл. Хүүхдээ өмөөрөх гэснээ азнасан ээж бас ухаантай. Ээж нь Боловсролын их сургууль төгссөн багш хүн учраас охинд нь хатуу шаардлага тавьж уйлуулсан багшид гомдох сэтгэл төрсөнгүй, харин дотроо талархангуй өнгөрчээ. Хэрэвхүйеэ тэр алтан мөчид учиргүй мугуйд загнан охиноо өмөөрч, охиных нь ирээдүйн амжилтын төлөө бухимдсан багшийг нь гомдоосон бол магадгүй өнөөдөр авах байсан дэлхийн аварга нь тийнхүү одоогоос арваад жилийн тэртээ хулжаад алга болчих байсан ч юмсан уу. Цэрмаа, Цэвэлмаа, Уранцэцэг гурав гурвуулаа үнэнийг өмгөөлөн хамгаалагч шударга хүмүүс байж.

Энэ дашрамд дуулгахад Уран цэцэг хэмээх нэрийг аягатай будаан дахь олон нэрний дотроос гурав дахь сонголтоороо олж таалаад охиныхоо чихэнд шивнэсэн түүний эцэг Мөнхбат талархуулах ёстой болж байна. Хорвоогийн юм бүхэн цаагуураа учир жанцантай. Уран байгаад цэцэг байна гэдэг нь утга чанарын хувьд энэ охинд онц тааламжтай нэр мөн байна. Дэлхийн дэвжээнд энэ л нэрээрээ дуудуулж, төрийнхөө далбааг өргүүлж, сүлд дуугаа сонсоод, доголон нулимсаа бөмбөрүүлэнхэн зогсоход нь яг тохирох учиртай ганц зөв нэр нь “Уранцэцэг” мөн байжээ. Тэгээд л дэлхийн аваргыг аваад ирсэн биз.

ТЭМЦЭЭНД ЯВАХ ЗАРДЛЫН МӨНГӨ ЗЭЭЛЭЭЧ, АЛТАН МЕДАЛЬ АВЧИХААД ШАГНАЛААРАА ЭРГҮҮЛЖ ТӨЛЬЕ

Уранцэцэг 17 настай байхдаа ингэж хэлээд зардал мөнгө эрж явсан удаатай юм билээ. Ингэж шуудхан хэлж байгаа нь түүний гэнэн томоогүйг биш, харин өөрийн хүчинд бүрэн итгэсэн, өрсөлдөгч нөхдийн боломжийг зөв үнэлсний баримт мөн байсан байна. Манай Урнаа ингэж л өөрийгөө хурцлан ирлэдэг арга барилтай хүн юм. Тэрхүү шохоорхоод байсан тэмцээн нь Самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээн байж. Нэгэнт жүдогийнх биш учраас ЖЕНКО клубтээ найдах боломжгүй байв. Тэгээд ивээн тэтгэгч хайж явтал нэгэн хүн түүнд “Бридж” группийн Дорждэрэм л тусална, тэр иймэрхүү оюунлаг зүйлд чих зөөлөн ханддаг тул очоод үз гэж зөвлөсөн байна. Тэр даруй Дорждэрэм гэдэг хүнтэй утсаар холбоо барьж уулзахад зардлын мөнгө зээлжээ. Тэгээд Ташкент руу явж, амласан ёсоороо дэлхийн аварга болж алтан медаль авсан ч харин мөнгөн шагнал өгдөггүй байж. Ашгүй тэгтэл Женкогийн Баттулга Ташкент явсныг нь сонсоод зардал мөнгийг нь клубээсээ гаргаж өгсөн юм билээ. Урнаа зээлсэн мөнгөө аваад Дорждэрэм дээр очсон байна. Тэрхүү Дорждэрэм нь Баянхонгорын Хүрээмарал сумын харьяат бөгөөд ээж нь Бөмбөгөр сумын уугуул юм билээ. Дорждэрэм захиралд зээлсэн мөнгөө өгөхөд таван зуун доллараар охиныг шагнасан байсан гэж Бат-Эрдэнэ ах нь сонирхуулж байсан. Ер нь Уранцэцэгийг ЖЕНКО клубтээ байлгаж, онцгой анхааран, тусалж дэмжиж байсан тул Х.Баттулгыг их хүндэтгэдэг бололтой. Жүдоч Баттулга ч мэргэжлийн хүний хувьд Уранцэцэгийг алдаагүй зөв таньсан байна.

…Гэндэнсүрэнгийн Цэрмаа телевизийн дэргэдээс салж чадахгүй сууж байлаа. Охин нь медальд хүрэхийн даваан дээр заавал мэх хийж хожих гэж түргэдээд хашир бөхөд оноо алдан шагналт байрт орж байгааг хараад “Овоо шүү дээ миний охин. Олимпийн медаль илээд алдсан ч шагналт байранд орлоо” хэмээн баярлаж суулаа. Энэ бол 2012 оны наймдугаар сарын нэгэн үдэш. Гар утас жингэнэв. Лондонгоос залгажээ. “Байна уу? Ээж нь сонсож байна” гэтэл “Ээж ээ би ялагдчихлаа, таныг жаргаах гэсэн чинь чадсангүй, уучлаарай ээж ээ” гээд мэгшин уйлжээ. Ээж нь “Миний охин битгий уйлаарай, шагналт байранд орсон чинь бага юм биш, бид их баяртай байна” хэмээн аргадах гэж оролджээ. Ээж нь “Миний охин зорьсондоо хүрнэ ээ. Заавал хүрнэ. Одоо битгий уйлж усан нүдлээрэй” гэхчлэн гуйх агшинд утас тасрав гэнэ. Түүнээс хойш утсаа хаачихаад огт авдаггүй, зөвхөн мессеж илгээж байв. Энэ бол ноднин зуны олимпийн дундуур болсон яриа

Харин саяхан 2013 оны наймдугаар сарын 26-ны үүрийн дөрвөн цагт Бразилаас утасджээ. “Байна уу” гэсэн чинь бас уйлах шиг. Тэгснээ “Ээж ээ, би ялчихлаа, одоо таныг жинхэнээсээ жаргаана аа. Охин чинь дэлхийн аварга болчихлоо. Таныг санаад байна. Шалавхан харимаар байна” гэжээ. Энэхүү хоёр удаагийн яриа байх л ёстой, ярих л учиртай яриа байв. Гэвч нэг бяцхан битүү гогцоо байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй мэт ээ. Ээжийг баярлуулах яах вэ, жаргаах гэсэн юм гэсний цаана ямар бодрол нуугдана вэ? Баярлуулах, жаргаах хоёр нь Уранцэцэгийн хэмжүүрээр бол тэнгэр газар шиг зөрүүтэй байж таарах нь гээч. Би энэ хүүхэдтэй өөртэй нь уулзаж асуугаагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Таамаг бол байна. Баярлана гэдэг цаг зуурын үзэгдэл. Харин жаргаана гэдэг насан туршийн явдал мөн нь гарцаагүй. Миний ойлгож байгаагаар бол “Дэлхийн аваргыг төрүүлсэн ээж шүү, би” хэмээн өөрөөрөө бахархах бахархал бол мэдээжээр хэзээ ч унтаршгүй нэг насны жаргал мөн байж таарах буй за. Хэрвээ Уранцэцэгийн дотор луу нүдээр харж болдогсон бол иймэрхүү тунгалаг сайхан бодол санаа тэнд туяарч харагдахсан болов уу?

Ямар ч атугай ээжийн ачийг шүүдрийн ус цуглуулан цай чанаж өгөх төдий биш, харин насан туршдаа төрүүлсэн үрээрээ бахархан сэтгэл ханамжтай явах утгаар ойлгож байх шиг санагдана. Хэрэв ингэж ухаарвал ээжийнхээ ачийг өөрийнхөө сайн сайхан амжилт бүтээлээр хариулбал утга төгс болно гэсэн гаргалгаа цухалзана бус уу. Үр хүүхдээ хүний царай харахгүй өсгөн хүмүүжүүлж, цөмийг нь дээд мэргэжилтэй болгох гэж олон жил тийнхүү цаг наргүй чарайтал зүтгэж явсан ээжийгээ үнэ хээр ухаант үрийнх нь ёсоор анзаарснаас л ийм гүн гүнзгий мэд рэмж түүнд суужээ хэмээн ойлголоо.

ХОЁР ХҮҮГИЙН ЗОДООН

Уранцэцэг ээжтэйгээ Гандангийн дэнжид явж байж. Тэгтэл хоёр жижигхэн эрэгтэй хүүхэд гудамжинд зодолдоод, арай том нь багыгаа уйлуулж орхиод гүйгээд явчихлаа гэнэ. Уранцэцэг тэр жаалаас учрыг асуувал “Бид хоёр цуг ажил хийж мөнгө олсон, түүнийгээ хувааж авах гэтэл намайг зодчихоод зугтаачихлаа” гэжээ. Урнаа халаасандаа байсан цөөн төгрөгийг мөнөөх жаалд өгөөд “Миний дүү битгий уйл, үүнээс хойш зөв хүнтэй нөхөрлөж яваарай” гээд явуулжээ. Манайд булаадаг нь ч мянга түм, булаалгачихаад хоосон хоцордог нь ч бум бумаараа байна. Харин ядарсанд нь халаасаа уудлаад тусалдаг Уранцэцэг шиг нь хэд бол?

“Бөмбөгөр” худалдааны төвөөс жаал жуул юм цуглуулаад автобусны буудал дээр зогсож байтал дүү Уранцэцэг нь ах Бат-Эрдэнээсээ “Агаа, танд мөнгө байна уу” гэж гэнэ. Ах нь “Надад уртаашаа мянган төгрөг л байна” гэв. Гэтэл “Хоёулаа юм ярингаа явган алхаад харьчихъя. Тэгэх үү”. “За”. “Тэгвэл мянган төгрөгөө надад өгчих”. “Чи түүгээр яах нь вэ”. “Тэр зогсоол дээр байгаа хүүхэдтэй ээжийг харж байна уу. Түүнд өгөх гэсэн юм. Зовж л яваа хоёр байна, Та хараач ах аа” гэжээ Тэгээд 1000 төгрөгөө огт танихгүй тэр хоёрт өгчихөөд явган харьжээ.

Урнаагийн ааш араншинг би өөрийн өнцгөөс харж байна. Адуу малын ялгаа арьсандаа харагддаг, хүн хүний ялгаа араншиндаа илэрдэг тэр л цонхоор харж байна. Урнаагийн араншин нээлттэй байна. Дээл юмсан бол түүнийг дэлгүүрээс авч болохсон. Гэтэл дээл биш, араншингаараа тодордог сэтгэл санаа л энд байна. Тэгвэл ийм оюунлаг сэтгэл санааг төрж өссөн орчин ахуйгаасаа атга чимхээр нь хоногийн олноор шимж шүүж авдаг жам ёсон гэж байна. Бусдын амсаж яваа гачаалыг гаднаас нь хараад дотор нь орсон шиг ингэж мэдэрнэ гэдэг өөрөө хэзээ нэгэн цагт амсаж үзсэн хүний л явдал байж болно. Ах Бат-Эрдэнэ нь ч залуу хүн гэхэд бас өр нимгэн хүн аж. Тэрбээр Солонгост цөөн жил ажиллахдаа худал зарлалд хууртагдаж хүний наймааны золиос болсон зарим охид бүсгүйчүүдийн тухай баримтат кино хийж байгаад баригдан, түүнийгээ устгуулсан гэсэн. Бусдын төлөө албагүй мөртлөө албатай мэт хөндлөнгөөс тийнхүү шаналж, тус болохыг хичээдэг ийм хүн даанч ховор болж дээ. Ер нь энэ гэр бүлийнхэн цөмөөрөө бусдад өргүй байтлаа өртэй юм шиг санаа зовдгийг анзаарвал багш Цэрмаагийн гэр оронд нэг л өег дулаан уур амьсгал байх шиг ээ.

…“Алтан малгай” Бямба гэдэг нутгийн сайн бөх Бөмбөгөрт байсан. 1925 онд Баянхонгор хайрхан уулыг тахих наадамд 128 бөх барилдсан оноолтын бүртгэл улсын архивт байхыг үзсэн. Бямба бээр зүүн талын 64 бөхийн 5 дугаарт эрэм бэлэгдэн нэгийн даваанд гарсан байдаг юм. Тэгээд тав даван наймд үлдээд зургаагийн даваанд Лувсан заан гэдэгт унасан байдаг. Энэ хүн төрөлхийн шар үстэй тул “алтан малгай” гэж нэршсэн хүн байсан. “Алтан малгайн” төрсөн дүү ягаан Сосор нь Уранцэцэгийн ээж Цэрмаагийн өвөө аав юм.

Уранцэцэг бас шар үстэй учир түүнийг ээж Цэрмаа нь “Миний алтан толгойт Шарко” гэж өхөөрдөн, толгойг нь илдэг гэсэн. “Манай Шарко” эдүгээ зөвхөн ээж аав, эмээ өвөөгөө төдийгүй бөхөд хайртай бүх монгол түмнээ баярлуулан жаргааж байна. “Манай Шарко” зайлах замгүй заяа тавилангийнхаа сонголтыг хийж л яваа хүн аж. Их сургуулийг нь төгсөж, цагдаагийн диплом авсан байна. Бас нөхөр ханиа сонгож, хадам бэрийн аргамжаанд холбогдож байгаа охин юм байна.

Манай Урнаад ирээдүй их бий. Тэр одоо дараа дараагийн олон гарааны зурхай дээр байна. Аваргын цаанаас аварга л ирнэ. Алтны цаанаас алт л авна. Сайн үйлс болохоор санасанчлан бүтэх нь магадтай буй за.

 Х.ЦЭВЛЭЭ /СГЗ, сэтгүүлч/

Эх сурвалж: www.mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж